Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс Австрали, Шинэ Зеланд, Тайланд, Вьетнамаас өдөрт 250 хүн хилээрээ нэвтрүүлдэг болно

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Япон улсын засгийн газар цар тахалтай холбоотой хилийн хоригоо сулруулж, Австрали, Шинэ Зеланд, Тайланд, Вьетнам улсуудаас өдөрт нийтдээ 250 хүртэл тооны зорчигч хүлээж авдаг болохоор төлөвлөж байгааг албаны эх сурвалж өнөөдөр мэдээлжээ.

Энэ зуны турш үйлчлэх уг хязгаарлалтад эхний ээлжинд бизнесмэнүүд, нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнууд хамрагдах юм байна.

Япон улс одоогоор дэлхийн 111 улс, бүс нутгаас ирэх зорчигчдод хилийн хориг тавиад байгаа. Мөн сүүлийн 14 хоногийн хугацаанд дээрх улс орнуудад байсан хэнийг ч хилээрээ нэвтрүүлэхгүй байгаа юм.

Эсрэгээрээ дэлхийн 181 улс, бүс нутаг Япон улсын иргэдэд янз бүрийн түвшний хилийн хориг тавьсан байна. Тэдгээрийн дотор дээр дурдсан Австрали, Шинэ Зеланд, Тайланд, Вьетнам улсууд багтжээ.

Японы засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өдөр тутмын квот хоёр талдаа адил үйлчлэх ёстой тул дээрх дөрвөн улсын эрх баригчидтай эхлээд ярилцаж, тохирох юм байна.

Эдгээр дөрвөн улс нь коронавирусийн цар тахлыг амжилттай хязгаарлаж чадсан, мөн Япон улстай эдийн засгийн гүнзгий харилцаатай тул сонгогдсоныг эх сурвалж мэдээлжээ.

Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашдаа АНУ, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсуудыг нэмэх юм байна.

 

Эх сурвалж: Kyodo News