Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан шинэ автобус есдүгээр сарын 1-нээс EБС-ийн сурагчдад үйлчилнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Удахгүй хоёр давхар, цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхлэх тухай бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл ЕБС-ийн сурагчдад зориулсан 200 ширхэг автобусыг БНХАУ-аас мөн оруулж ирэхээр болжээ.

Энэ талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

"Сурагчдад зориулсан автобусны нэг бүр нь 130 мянга орчим ам.долларын үнэтэй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

-Сүүлийн үед нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхээр БНХАУ-аас цахилгаан автобуснууд оруулж ирж байна. Тэдгээр нь манай орны нөхцөлд хэр тохиромжтой вэ?

-Бид 2025 он гэхэд түгжрэлийг 50 хувиар бууруулна гэсэн зорилт тавьсан. Үүний хамгийн гол асуудал нь нийтийн тээврийн сайжруулалт гэдгийг эхлээд сануулах хэрэгтэй.

Мөн Улаанбаатар хотод нийт 1,200 гаруй автобус, троллейбус байдгаас 900-950 орчим нь иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

Тэдгээрээр давхардсан тоогоор өдөрт 600-650 мянган зорчигч зорчдог гэсэн статистик тоо бий.

Гэвч ихэнх үйлчилгээнд автобуснууд нь чанар, стандартын шаардлага хангахаа больсон учир 2020 онд нийтийн тээврийн парк шинэчлэлд нэлээд анхаарч, олон хувилбарт нийтийн тээврийн системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Бид эхний ээлжинд 46 ширхэг цахилгаан автобусыг БНХАУ-аас оруулж ирэхээр төлөвлөсөн.

Түүн дотор багтсан хоёр давхар автобус нь Монгол Улсад анх удаа үйлчилгээнд явах гэж байгаагаараа онцлогтой.

Тухайн автобус нь нийт 55 хүний суудалтай цахилгаан автобус бөгөөд нэг цэнэглэлтээр 200-250 километр зам туулах боломжтой.

Өнгөрсөн өвөл бид ижил үйлдвэрийн 11 цахилгаан автобусыг туршиж үзэхэд судлаач, инженерүүд цахилгаан автобус нь Монголын цаг уурын онцлогт тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Иймд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг цаашид цахилгаан автобусаар хийнэ.

Парк шинэчлэлтийг цахилгаан автобусаар хийх нь байгаль экологид ээлтэйгээс гадна зардал нь ч харьцангуй бага гэдгийг хэлэх нь зүйтэй.

-Хоёр давхар, цахилгаан автобуснаас гадна олны анхаарлыг татаад буй өөр нэг зүйл нь сурагчдад зориулсан автобус болоод байна. Тэдгээр автобусыг яг хэзээ оруулж ирж, үйлчилгээнд гаргах вэ?

-Бид 2020 онд ЕБС-ийн сурагчдад зориулсан автобусыг явуулахаар төлөвлөсөн бөгөөд наймдугаар сард ийм зориулалтаар 200 автобус оруулж ирэхээр болсон.

Олон улсад хүүхэд тээвэрлэх автобусыг ямар стандарттай байх ёстой талаар нарийн заасан байдаг. 

Бидний оруулж ирэхээр төлөвлөсөн автобус нь яг тэр стандартын дагуу, хүүхдэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой.

Тухайн автобусыг есдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд явуулна.

-Санхүүжилтийг хаанаас гаргаж байгаа вэ?

-Мэдээж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжилтийг гаргаж байгаа.

Учир нь дан ганц нийслэлийн төсөв эсвэл улсын төсвөөр автобус худалдаж аваад, парк шинэчлэлт хийх ямар ч боломж, бололцоо байхгүй.

Бид хувийн хэвшлийг дэмжих тал дээр анхаарч, боломжийг олговол буцаагаад хувийн хэвшил иргэдэд үйлчлэх стандарт, шаардлагыг хангах талын асуудлыг шийдэх учиртай.

-Сурагчдын нэг автобусыг ямар үнээр худалдан авч байгаа вэ?

-Сурагчдад зориулсан автобусны нэг бүрийн үнэ 130 мянга орчим доллар бөгөөд тэд бүгдээрээ шинэ автобус гэдгийг онцлох хэрэгтэй. 

Дээр нь олон улсад батлагдсан хүүхдийн автобусны стандартад нийцсэн автобус юм.

-Төдий хэмжээний хөрөнгөөр зориулалтын хүүхдийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Улаанбаатар хотод 292 мянган сурагч ЕБС-д явдаг гэсэн тооцоо судалгаа бий. Тэдэнд нийт 200 ширхэг зориулалтын автобус үйлчилнэ.

Зориулалтын автобусыг хэрэглээнд нэвтрүүлснээр хамгийн түрүүнд тухайн хүүхдүүдийн аюулгүй байдал бүрэн хангагдана.

Мөн хүүхэд зориулсан автобус үйлчлэх нь эхэлснээр эцэг, эхчүүдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэсэн үйл ажиллагаа болох юм.

Стандарт хангасан гэдэг нь хүүхдэд зориулсан сандалтай, зориулалтын бүснээс эхлээд бүх тоноглол нь хүүхдийн аюулгүй байдлын шаардлагыг өндөр зэрэглэлээр хангасан гэсэн үг.

- 54 хүүхдийн суудалтай тус автобус нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, дизель хөдөлгүүртэй гэж сонссон. Цаашид хүүхдүүдэд үйлчлэх ашиглалтын зардлыг хаанаас гаргах вэ. Энэ тал дээр төлөвлөгөө, тооцоогоо хийсэн үү?

-Бид тэр талын төлөвлөгөө, тооцоо нь гарчихсан байгаа.

Хүүхдийн автобуснууд өөрийн гэсэн баазтай байх ёстойгоос гадна инженер, техникийн ажилчид болон хоёр ээлжийн жолоочтой байх ёстой гэсэн шаардлага бий.

Бид тэр бүх шаардлагын хүрээнд менежмент зохион байгуулалтыг нь нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтран хийнэ.

Эдгээр нийтийн тээврийн парк шинэчлэл болон хүүхдийн автобус зэрэг нь зөвхөн ойрын зорилтын хүрээнд хийгдэх ажил.

Дэлхийн бүх хотод нийтийн тээврийн олон хувилбарт систем үйлчилдэг. Тиймээс олон хувилбарт нийтийн тээврийн системийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

-Нийтийн тээврийн системийг олон хувилбараар хөгжүүлнэ гэснээс "Агаарын дүүжин тээвэр"-ийн бүтээн байгуулалтын ажлыг дөрөвдүгээр сараас эхэлнэ гэж байсан. Тэр ажил юу болсон бэ?

- Дэлхий нийтэд цар тахал гарсантай холбоотойгоор хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хүндрэлтэй байна.

Гэсэн ч Улаанбаатар хот дотоод нөөц бололцоогоо ашиглан эхний ээлжинд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд бүх хүчээ дайчилж байна.

-Хоёр давхар цахилгаан автобусыг маргаашаас буюу Бямба гарагаас явж эхэлнэ гэж мэдээлсэн​. Аль чиглэлээс эхлэн явуулахаар төлөвлөж байна вэ?

-Давхар автобусыг маргаашаас шууд үйлчилгээнд явуулах боломжгүй. 

Монгол Улсад анх удаа давхар автобус явах гэж байгаа учир бид аль чиглэлд явуулахаа ярилцаж байна. 

Ямартай ч автобуснуудыг оруулаад ирчихсэн байгаа учир удахгүй үйлчилгээнд нэвтрүүлнэ.