Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэр дэвшигчид хүний регистр ашиглан хандив нэрээр өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, Архив

"УИХ-ын 2020 оны сонгуульд хийж буй Иргэний нийгмийн ажиглалт” сэдэвт хэвлэлийн хурлыг Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/551939395489649/

“Шударга сонгуулийн төлөө” Иргэний нийгмийн хяналт сүлжээнээс 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явцад:

  1. Хэвлэл мэдээллийн мониторинг,
  2. Сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг,
  3. Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн мониторинг, 
  4. Нийгмийн сүлжээн дэх сонгуулийн сурталчилгааны мониторинг,
  5. Санал хураах, дүнг гаргах үйл явцын ажиглалт гэсэн таван чиглэлээр мониторинг хийж эхлээд байна. 

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ нь Нээлттэй Нийгэм Форумын санаачлагаар 2008 оны гуравдугаар сард байгуулагдсан, нийгэмд ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг  хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зорилго санаа нэгтэй төрийн бус байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн сүлжээ юм. 

Уг сүлжээний гишүүнээр Глоб Интернэшнл ТББ, МИДАС ТББ, Сонгогчдын Боловсрол Төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг иргэний нийгмийн байгууллагууд ажилладаг бөгөөд  2008, 2012, 2016 оны УИХ-ын болон  2009, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудад хараат бусаар хяналт тавьж, ажиглалт хийж байжээ. 

Сүлжээнд нэгдсэн иргэний нийгмийн байгууллагууд мониторинг хийж буй явцынхаа талаар танилцууллаа. 

Төслийн удирдагч С.Гэрэлмаа “Иргэний нийгмийн ажиглагчид нь сонгуулийн cанал авах, тоолох, дүнг гаргах үйл явц болон хяналтын тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, хяналтын тооллогыг хийж гүйцэтгэх үйл явц холбогдох хууль, журмын дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьдаг.

Энэ удаагийн ээлжит сонгуулиар Улаанбаатар хотод 451 сонгуулийн хэсгийн хороо ажиллахаас 100 хэсгийн хороонд иргэний нийгмийн нийт 204 ажиглагч ажиллаж хяналт тавина.

Түүнчлэн Баянхонгор, Дорноговь, Төв, Хэнтий, Дархан-Уул аймгуудад 30 ажиглагч бэлтгэн ажиллуулахаар төлөвлөөд байна.

Ажиглагчдыг бэлтгэх сургалтыг Улсын онцгой комиссоос гаргасан заавар журмыг баримтлан шат дараатай зохион байгуулж буй бөгөөд одоогийн байдлаар 130 ажиглагч сургалтад хамрагдаад байна” гэв . 

Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явцад хийж буй мониторингийн явц

Уг мониторингийн талаар МИДАС ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Энхжаргал танилцууллаа. Тэрбээр “2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системд багтах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг туршиж баталгаажуулан, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нам, эвсэл, ТББ-уудаас томилсон ажиглагчид байлцан хяналт тавив. Нам, эвслийн ажиглагчдын хувьд 19 нэгжээс 5 нь хөндлөнгийн ажиглалт хийх хүсэлт гаргаж хөндлөнгийн хяналт хийж байгаа нь хангалтгүй  хойрго хандаж байгааг илэрхийлж байна.

Санал тоолох төхөөрөмжийн тестийг хийхдээ СЕХ-ны ачуулахаар бэлтгэсэн төхөөрөмжөөс санамсаргүй байдлаар сонголт хийж  нэр дэвшигч тус бүрд өгсөн саналыг бүрэн уншиж байгаа эсэх, холимог байдлаар уншуулах, санал тэмдэглэгдээгүй хуудас  уншуулах, мандатын тооноос дутуу,  илүү санал бөглөсөн,  өөр тойргийн, хүчингүй болгосон  саналын хуудаснуудыг уншиж байгаа эсэх, “цагийн бөмбөг”, толгой цэвэрлэх хуудас  уншуулсны дараа, цахилгаан тасарсан үед аккумлятораар ажиллах, CF картын нэг нь байхгүй  ажиллаж байгаа эсэх болон мэдээлэл дамжуулах, серверийн дүн, CF картад бичигдсэн зургийн файл тулгалт хийх шалгалтуудыг хийж туршиж үзэхэд хүлээгдэж байсан үр дүнтэй нийлж  тестийг бүрэн давсан болно” гэсэн юм. 

Харин сонгогчдын нэрийн жагсаалтад хийж буй мониторингийн явц талаар “Сонгогчийн бүртгэлийн хувьд сонгогчдын нэрийн жагсаалтыг мэдээлэл иргэний нийгмийн ажиглагчдад нээлттэй биш байгаатай холбоотой  энэ удаагийн сонгуулиар өргөн хүрээнд хяналт тавих боломжгүй байна.

Мониторингийн баг БЗД-н хэмжээнд нийт 28 хорооноос  4 хороо буюу сонгуулийн 19 хэсгийн хороог сонгон ажиллаж байна.

Үүнээс 11 хэсгийн хорооны сонгогчдын нэрийн жагсаалттай танилцаж 11 хаягийн зөрчилтэй байж болзошгүй тохиолдлуудыг шалгасан. 8 хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж олгосонгүй. 

2020 оны зургаадугаар сарын 8-10-ны өдрүүдэд дээр дурдсан нийт 11 хэсгийн 25,122 иргэний мэдээллийг шалгахад (19 сонгуулийн хэсгийн хорооны нийт 42,517 сонгогчийн мэдээллээс), зарим хаяг дээр 10 хүн бүртгэлтэй байх боловч хоосон хашаа байх, 20 хүн бүртгэлтэй хаяг дээр зөвхөн 2 сонгогч оршин суудаг гэх мэт баримтууд илэрч байна. Мөн нэг хаяг дээр 49 сонгогч бүртгэснийг шалгахад асрамжийн үйлчилгээ явуулдаг ТББ байсан, нэг хаяг дээр ижил овог нэртэй сонгогч байсан нь  ихэр хүмүүс болохыг  шалгаж баталгаажуулсан” гэв. 

Түүнчлэн тэрбээр сонгогчдоос регистрийн дугаарыг цуглуулж буй тохиолдлуудын талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.

МИДАС ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Энхжаргал "Хандивын тайлан гаргахад регистрийн дугаар ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, Нэр дэвшигчид хүний регистер ашиглан хандив нэрээр өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж байна

Тиймээс сонгогчдод хандаж хэлэхэд, 100 мянган төгрөгөөр регистрийн дугаараа өгснөөс хувийн бүх мэдээллээ алдах алдах эрсдэлтэй. Таны регистрийг мэдэж байгаа хүн дансан дахь мөнгийг тань шилжүүлж авах ч эрсдэл бий гэдгийг хэлмээр байна. Иргэд өөрийнхөө хамаг нууцлалыг 50, 100 мянган төгрөгөөр худалдаж байна” гэлээ.