Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: БНСУ-д сүүлийн долоо хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь өндөр настнууд байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс, орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр зургаадугаар сарын 10-ны өдөр тус улсад нийт 17,300 гаруй халдварын тохиолдол, 950 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсын нийт халдварын тохиолдол 1,973,000 гаруй болж, 112 мянган хүн эндлээ.

Одоогоор АНУ-ын 50 мужаас 21 муж улсад халдвар өсөх хандлагатай байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 32,900 гаруй тохиолдол, 1,274 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.

Тус улсын батлагдсан халдварын тохиолдол 772 мянгад хүрсэн бол 40 мянга орчим хүн нас бараад байгаа юм.

Сүүлийн тав хоногийн хугацаанд л гэхэд Бразилд 100 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ.

ОХУ

ОХУ-д бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол өссөн дүнгээр 493,600 болсон бол 6,358 хүн халдварын улмаас нас бараад байна.

БНЭУ

БНЭУ-д халдвар эрчимтэй нэмэгдсээр байна.

Лхагва гарагийн байдлаар тус улсын хэмжээнд 9,985 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тохиолдлын тоо 276,500-д хүрчээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Энэтхэг улсад 279 хүн халдварын улмаас нас барсан байна.

Сингапур

Номхон далайн баруун бүсийн Сингапур улсад өчигдөр 451 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Ингэснээр Сингапурт бүртгэгдсэн халдварын тохиолдол 38,900 гаруйд хүрээд байна.

Remdesivir тарилгыг онцгой нөхцөлд COVID-19 халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрлийг тус улсын эрх бүхий байгууллагаас олгожээ.

Япон

Япон улсад Лхагва гарагт 45 тохиолдол, гурван нас баралт шинээр бүртгэгдлээ.

Шинэ халдваруудын 30 нь дотоодын халдвар байсан бол 15 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Одоогоор тус улсын хэмжээнд халдварын улмаас 1,026 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 91-ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 85 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан тухай Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны өдөр тутмын мэдээлэлд өгүүлжээ.

БНСУ

БНСУ-д өчигдөр шинээр 45 тохиолдол бүртгэгджээ. Эдгээр шинэ тохиолдлын 40 нь Сөүл хотод бүртгэгдсэн байна.

Лхагва гарагийн байдлаар

  • Сүмүүдээс голомттой батлагдсан халдварын тохиолдол 92
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг гэрээр хүргэдэг жижиглэн худалдааны төвтэй холбоотой тохиолдол 106 болжээ. Уг голомтоос халдвар авсан хүмүүсийн 70 гаруй хувь нь 60-аас дээш насны хүмүүс байжээ.
  • Цахим худалдааны ложистик төвөөс 144 тохиолдол
  • Ширээний теннисний клубийн голомтоос 54 тохиолдол батлагдаад байна.

Сүүлийн долоо хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь өндөр настнууд байгаа тухай БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлэлд онцолжээ.

БНХАУ

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээллээр Лхагва гарагт тус улсад гаднаас зөөвөрлөгдсөн 11 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол шинж тэмдэггүй халдварын 4 тохиолдол бүртгэгджээ.

Одоогоор тус улсын хэмжээнд эмнэлгийн хяналтад шинж тэмдэггүй халдвараар нийт 129 хүн өвчилсөн байгаа аж.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1676191472549030/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.