Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид Бостон хот дахь Христофор Колумбын хөшөөний толгойг тасджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Африк гаралтай иргэн Жорж Флоидын амийг цагдаа нар хөнөөсөн хэргээс үүдэлтэй арьс өнгөний үзлийн эсрэг “Black Lives Matter” хөдөлгөөн Америк даяар идэвхжээд байна.

Өчигдөр тэмцэгчид Америк тивийг нээгч Христофор Колумбын Бостон хот дахь хөшөөний толгойг тасдан сүйтгэжээ. Тасдсан толгой нь хөшөөний ойролцоогоос олдсон бөгөөд Бостон хотын цагдаагийн газар хэргийг шалгаж эхэлсэн байна.

Энэ явдлаас нэг өдрийн өмнө буюу Мягмар гарагт Виржиниа мужийн Ричмонд хотод мөн “Black Lives Matter” хөдөлгөөний тэмцэгчид Колумбын өөр нэг хөшөөг буулгаж, ойролцоох нууранд живүүлсэн юм.

Аялагч Христофор Колумб нь 1492 онд Америк тивийг анх нээсэн түүхэн хүн гэж хүндлэгддэг ч сүүлийн үед түүнийг нутгийн уугуул иргэдтэй харгис хэрцгий хандаж байсан гэж буруутгах болсон.

Мөн шинэ тивийг нээсэн явдал нь Африк тивийн оршин суугчдыг боолчлох эхлэл болсон юм. АНУ даяар жил бүр Христофор Колумбын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Харин зарим либерал үзэлтнүүд энэ өдрийг Нутгийн Уугуул Иргэдийн өдөр болгон өөрчлөхийг уриалж байгаа. Бостон хот дахь хөшөө 2015 онд мөн халдлагад өртөж байв. Тухайн үед хөшөөний толгой дээр улаан будаг асгаж, суурин дээр нь “Black Lives Matter” гэсэн үгсийг бичиж байжээ.

Өнгөрсөн Ням гарагт Их Британийн Бристол хотод уг хөдөлгөөнийхөн XVII зууны боолын худалдаачин Эдвард Колстоны хөшөөг буулгаж, голын усанд живүүлсэн юм.

 

Эх сурвалж: Russia Today