Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Бурунди улсын ерөнхийлөгч гар бөмбөг тоглосныхоо дараа зүрхний өвчнөөр 55 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн Бурунди улсын ерөнхийлөгч Пьер Нкурунзиза энэ долоо хоногийн Даваа гарагт зүрх нь зогссоны улмаас нас барсныг тус улсын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

55 настай Нкурунзиза тивийнхээ хамгийн ядуу орнуудын нэг Бурунди улсыг 15 жил тасралтгүй удирдсаны эцэст саяхан болж өнгөрсөн сонгуулийн дараа албан тушаалаасаа буухаар болсон юм.

Бямба гарагт болсон гар бөмбөгийн тэмцээнд оролцсоны дараа түүний бие муудсаар Даваа гарагт зүрх нь зогссон байна. Эмч нар ерөнхийлөгчийн амийг аврахаар олон цаг тэмцсэн ч үр дүнд хүрээгүйг засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ.

Нкурунзизагийн гэргий, тэргүүн хатагтай Денис Букуми коронавирусийн халдвар авсныхаа дараа өнгөрсөн сарын сүүлээр хөрш Кени улсын нийслэл Найробигийн эмнэлэгт эмчлүүлэхээр хүргэгдсэн юм. Тэргүүн хатагтайн бие сайжирч байгаа гэсэн мэдээлэл бий.

Бурунди улсын иргэд ерөнхийлөгчөө бас коронавирусийн халдвар авсан байх хэмээн сэжиглэж байв. Нкурунзиза иргэний дайны төгсгөлөөр 2005 онд Бурунди улсын ерөнхийлөгчөөр сонгогдож, 2010 онд дахин сонгогдсон юм.

2015 онд түүнийг гурав дахь удаагаа сонгуульд өрсөлдөхөд нь Бурундид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, цэргийн эргэлт хийх оролдлого гарч байжээ.

Энэ үеэр 1,200 орчим хүн алагдаж, 400,000 орчим хүн эх орноосоо дүрвэхэд хүрч байв. Нкурунзизаг гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоход донор орнууд нь эдийн засгийн хориг тавьснаар Бурундиг улам ядууруулсан юм. Дэлхийн Банк тус улсыг дэлхийн хамгийн ядуу гурван улсын нэгээр нэрлэсэн байдаг.

Энэ жилийн сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөх замаа засаад байсан Нкурунзиза нэр дэвшихгүйгээ зарласан нь гэнэтийн явдал байв.

Тавдугаар сарын 20-нд болж өнгөрсөн сонгуульд Нкурунзизагийн хүн гэгддэг Эваристе Ндайшимие ялж, ерөнхийлөгчийн суудлыг залгамжлахаар болсон юм.

Мягмар гарагийн орой Ндайшимие твиттер хуудсандаа Нкурунзизагийн улс орныхоо өмнө байгуулсан гавьяаг магтаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэхээ амлажээ. Нкурунзиза хөлбөмбөг тоглох дуртай нэгэн байсан бөгөөд долоо хоногийн амралтын өдөр бүр нийслэл Бужумбурагийн төв стадионд тэмцээн зохион байгуулж, өөрөө тоглодог байсан гэдэг.

 

Эх сурвалж: AFP