Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 87 хүний 57 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад шилжсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа COVID-19 өвчний тархвар зүй, эмнэл зүйн талаарх мэдээллийг танилцуулав.

"Улсын хэмжээний 26 ажиглах байранд нийт 2,682 хүн байна"

Тэрбээр “Нэгдүгээр сарын 8-наас хойш нийт 8,364 хүнд хяналт тавьж, шинжилгээ хийжээ. Энэ явцдаа 285 хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн үзэж, тусгаарлан оношийг үгүйсгэсэн.

Тэдгээр хүмүүсийн 80 гаруй хүн нь амьсгалын замын бусад халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байсан.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээний 26 ажиглах байранд нийт 2,682 хүн байна. Тэд бүгд бидний хяналтад байна.

Ажиглалтын байранд байгаа хүмүүс бүх шинжилгээ нь сөрөг гарсан үед 21 хоногийн дараа  ажиглах байрнаас гарч, 14 хоногийн гэрийн ажиглалт руу шилжиж буй.

Мөн гэрийн ажиглалтад байгаа хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна.

"Нийт 87 хүн эдгэрч эмнэлгээс гарснаас 57 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад байна"

Манай улсад гуравдугаар сарын 9-ний өдрөөс хойш гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 194 тохиолдол бүртгэгдсэнээс 87 нь эдгэрч эмнэлгээс гарсан. 

Түүнээс:

  • 57 нь сувилалд,
  • 16 нь гэрийн ажиглалтад,
  • 15 хүн ажиглалтын хугацаа нь дууссан байна.

Эдгэрч эмнэлгээс гарсан хүмүүс 14 хоног сувилалд тусгаарлагдаж байгаа бөгөөд тухайн хугацаандаа 2-4 удаа шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдол гэрийн ажиглалт руу шилжиж буй.

Гэртээ байх хугацаандаа PCR-ийн шинжилгээнд дахин хоёр орж, өрхийн эмчийнхээ хяналтад байх журамтай.

"Батлагдсан тохиолдлуудын 40% нь ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан"

Батлагдсан тохиолдлуудын 40 орчим хувь нь вирус илрэх үедээ ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан ба эмнэлэгт хэвтэх явцад нь шинж тэмдэг илэрсэн.

Тухайлбал, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн,

  • 50 орчим хувьд нь суулгах шинж тэмдэг илэрч, 1-2 хоног үргэлжилж байна.
  • 30-40 хувь нь толгой өвдөх, хамар битүүрэх, загатнаж шинж тэмдэг илэрч, 2-6 хоног үргэлжилж байна.
  • 27-30 хувь нь цэртэй ханиах, нус гоожих, ядарч сульдах шинж тэмдэг илэрч, 1-9 хоног үргэлжилж байна.
  • 10 хувьд нь дотор муухайрах, амтлах мэдрэхүйгээ алдах шинж тэмдэг илэрч, 4-5 хоног үргэлжилж байна.
  • 10-15 хувь нь ам хатах, амьсгал давчдах, бие тавгүйрхэх шинж тэмдэг илэрч,  4-13 хоног үргэлжилж байна.
  • Бөөлжих зэрэг бусад шинж тэмдгүүд 8-12 хоног үргэлжилж байна.

Вирусийн ачаалал дунджаар 1-4 хоногтоо өндөр байна. Улмаар 14 дэх хоногоос вирусийн ачаалал буурч, 14-50 хоногт ялгарахгүй болж байгаа учир эмчлэгчдийн ор хоног урт байна.

ХӨСҮТ-д COVID-19 өвчний улмаас эмчлүүлж буй хүмүүс дунджаар 14-53 хоног эмнэлэгт хэвтэж байна.

"Нийт тохиолдлын 72 хувь нь 16-24 насны хүмүүс"

Батлагдсан нийт тохиолдлын 72 хувь нь буюу 140 нь 16-24 насны хүмүүс бөгөөд ихэнх нь гадаадад сурдаг оюутан болоод дунд сургуулийн сурагчид байсан.

Нийт тохиолдлын хувьд, 8-65 насны хүмүүс байна.

Үүнээс:

  • 15-аас доош насны таван хүн,
  • 50-аас дээш насны 11 хүн байна.
  • Өвчлөгчдийн дундаж нас нь 24.8 байгаа юм.

"Вирус судлалын лаборатори давтагдсан тоогоор 17,407 шинжилгээ хийжээ"

  • Нэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш улсын хэмжээн дэх вирус судлалын лабораторид давтагдсан тоогоор 17,407 шинжилгээ хийжээ.

Мөн бид тандалтын сорьц авч буй бөгөөд 22 дахь долоо хоногт нийт 78 хүнд тандалтын сорьц хийхэд коронавирус илрээгүй.

  • Өмнөговь, Дорноговь аймгаар орж ирж буй ачаа, тээврийн жолооч нарын шинжилгээ хийгдэж буй. 

Бид нийтдээ 500 гаруй жолоочид түргэвчилсэн болон PCR-ийн шинжилгээ хийсэн.

  • Гуравдугаар сарын 8-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд Алтанбулагийн боомтоор орж ирж буй Тийр машины 1,981 жолоочид тандалт судалгаа хийхэд 4-ийнх нь шинжилгээний хариу эерэг гарч, коронавирус илэрсэн.

Үүнээс нэг нь эдгэрч ХӨСҮТ-өөс гарсан бол гурав нь эмчлэгдэж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа биеийн байдал тогтвортой сайжирч байна.

Мэдээллийн төгсгөлд, А.Амсабэлмаа “Цар тахлын аюул дуусах болоогүй дэлхий дахинаа харанга дэлдэж байгаа учир иргэд тахалтай тэмцэж буйг ойлгож, сонор сэрэмжээ алдахгүй байхыг хүсэж байна” хэмээн онцлов.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/691171108329206/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.