Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнам улс коронавирусийн халдвартай британи нисгэгчийн амийг аварч чаджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улс коронавирусийн цар тахалд ганц ч хүний амь гарздаагүй гэсэн нэр хүндээ хадгалахын тулд Британийн иргэн нисгэгчийн амийг аврахаар бүх хүчээ дайчилж байгаа.

Тэгвэл гуравдугаар сард халдвартай нь оношлогдсоноосоо хойш эмчлүүлж байгаа 43 настай Стефен Грэмийн бие “ид шидийн” мэт гэнэт сайжирч эхэлснийг тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Vietnam Airlines компанид ажилладаг Грэм энэ оны гуравдугаар сард Хо Ши Мин хотын баарнаас халдвар авсан юм. Вьетнамын засгийн газар түүний амийг аврахад 5 тэбум дон ($200,000) зарцуулаад байгаа. Нисгэгч 47 хоног эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж, уушгиных нь ердөө 10 хувь ажиллаж байжээ.

Эмч нар уушгийг нь солихоос өөр аргагүй гэсэн дүгнэлтэд хүрээд байсан юм. Гэвч хоёр сар орчим хугацаанд ухаангүй байсан Грэмийн бие гэнэт сайжирч, орон дээрээ суудаг болсон байна.

“Өвчтөний бие ингэж хурдан сайжирсанд бид итгэж чадахгүй байна. Ид шидийн мэт энэ сэргэлт өнөөдрийг хүртэл цөхрөлтгүй ажилласан эмч нарт маш том урам болж байна” гэж Вьетнамын коронавирусийн цар тахалтай тэмцэх үндэсний хорооны гишүүн Луон Нгок Куэ “Vietnam News” сонинд ярьжээ.

Вьетнам улсад коронавирусийн халдварын ердөө 332 тохиолдол бүртгэгдэж, ганц ч хүн нас бараагүй нь дэлхийд ховор үзүүлэлт болж байгаа. Тус улсын дотоодод халдвар тархаад хоёр сар орчим хугацаа өнгөрөөд байна.

Одоогоор хилээ хааж, зөвхөн тусгай үүргийн нислэгээр ирсэн өөрийн иргэдийг болон гадаадын чухал мэргэжилтнүүдийг нэвтрүүлж байгаа юм. 

Ирсэн бүх хүн 14 хоног тусгаарлагдаж байгаа.

Өчигдөр Вьетнамын засгийн газар сүүлийн 30 хоногийн хугацаанд халдварын тохиолдол огт илрээгүй улс орнуудын чиглэлд нислэгүүдээ сэргээх болсныг зарлажээ.

Ингэхдээ нислэгийн тоог хязгаартай байлгаж, гадаадын мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдад Вьетнамд ирэх боломжийг давуу эрхтэй олгох юм байна.

Нислэгийг нь сэргээх “аюулгүй” орнуудын жагсаалтыг цар тахалтай тэмцэх үндэсний хороо гаргахаар болжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Гуанжоу, Токио, Сөүл хотууд, Тайвань, Лаос, Камбожийн чиглэлүүд эхний ээлжинд сэргэх төлөвтэй байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Reuters