Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгостой харилцдаг бүх холбоогоо салгаж байгааг Умард Солонгосын тал зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгостой харилцдаг бүх холбооны шугамаа салгаж байгааг Умард Солонгосын төв хэвлэл өнөөдөр зарлажээ.

Өмнөдийн талаас суртал нэвтрүүлгийн материал зүүсэн агаарын бөмбөлгүүдийг хил давуулан хөөргөх явдлаа зогсоохыг Пёньяны дэглэм сүүлийн өдрүүдэд тасралтгүй шаардаж байгаа юм.

Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хоёр Солонгосын хил дээр байрладаг төлөөлөгчийн газрыг хаахаа анхааруулж байв. Өнөөдөр үд дундаас эхлэн төлөөлөгчийн газруудын хоорондын холбооны шугамыг салгасан байна.

Мөн хоёр талын зэвсэгт хүчнүүдийн болон ерөнхийлөгч нарын шууд харилцдаг холбооны шугамуудыг таслахаар болжээ.

Өмнөд Солонгостой харилцах харилцааг “дайсны эсрэг тэмцэл болгон хувиргах” шийдвэр төгс байгаагаа Ким Жон Уны дүү Ким Ёо Жон тэргүүтэй Умард Солонгосын нам, төрийн өндөр дээд албан тушаалтнууд илэрхийлснийг Пёньянаас мэдээлсэн байна.

1950-аас 1953 оны хооронд үргэлжилсэн Солонгосын дайнаас хойш хоёр улс энхийн гэрээ байгуулаагүй, зөвхөн гал зогсоох хэлэлцээр байгуулаад байсан юм. Тиймээс хил дээрх төлөөлөгчийн газар нь хоёр Солонгосын харилцааг зохицуулах гол дипломат шугам болж байжээ.

2018 оны есдүгээр сараас хойш тус төлөөлөгчийн газраар дамжуулан талууд өдөр бүр хоёр удаа утсаар холбогдож мэдээлэл солилцдог журамтай болоод байв. Гэтэл өчигдөр өглөө Өмнөд Солонгосын талаас залгасан дуудлагад Умардын тал анх удаа хариу өгөөгүй байна.

“Өмнөд Солонгосын эрх баригчдаас зөвхөн өдөөн хатгах үйлдэл гардаг тул тэдэнтэй ширээний хоёр талд суух ямар ч шаардлагагүй, хэлэлцэх ямар ч асуудал байхгүй гэсэн дүгнэлтэд бид хүрлээ” гэж Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг Пёньян хотоос мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters