Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Америк-Оросын цөмийн зэвсгийн яриа хэлэлцээнд Хятад улсыг урьжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргааны цөмийн зэвсгийн хяналт хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч өчигдөр АНУ, ОХУ улсууд удахгүй хэлэлцээ хийх болсныг зарлаад үүндээ Хятад улсыг гуравдагч талаар урьсныг мэдээлжээ.

“Өнөөдөр би ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Рябковтой цөмийн зэвсгийн яриа хэлэлцээ хэзээ, хаана болохыг тогтлоо. Хятад улсыг бас урьсан” гэж Маршалл Биллингсли твиттер хуудсандаа бичсэн байна.

Арав орчим жилийн өмнө Вашингтон, Москвагийн хооронд байгуулсан цөмийн зэвсгийг хязгаарлах гэрээний хугацаа ирэх хоёрдугаар сард дуусах юм. Үүнээс өмнө талууд амжиж дараагийн гэрээгээ байгуулах зорилготой байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсгийг хязгаарлах шинэ гэрээг гурван талын оролцоотой болгож, Хятад улсыг нэмэх хүсэлтэйгээ удаа дараа илэрхийлж байгаа.

Харин Хятадын тал гэрээнд оролцох сонирхолгүй байгаагаа өмнө нь мэдэгдэж байжээ. Орос, Америк улсууд тус бүр олон мянган цөмийн зэвсэгтэй.

Тэдний дараа гуравт ордог Хятад улсыг 300 орчим цөмийн зэвсэгтэй гэж үздэг юм. Тусгай элч Биллингсли өмнө нь хэвлэлд ярихдаа Хятад улс нууцаар цөмийн зэвсэг бүтээж, туршиж байж болзошгүй тул шинэ гэрээнд заавал нэгдэх ёстой гэж хэлж байв.

Америк-Оросын ээлжит уулзалт хэлэлцээ энэ сарын 22-ны өдөр Вена хотод зохион байгуулагдах төлөвтэй байгааг Блүүмбэрг мэдээлжээ.

Хятад улсад зөвхөн Трампын засаг захиргааны зүгээс шахалт үзүүлээгүй юм. Өчигдөр NATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг батлан хамгаалах зардлын хэмжээ нь дэлхийд хоёрт ордог, шинэ их гүрэн Хятад улс дэлхий  нийтийн аюулгүй байдлын асуудалд илүү идэвхтэй оролцох ёстойг сануулжээ.

 

Эх сурвалж: Reuters