Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

“+1 YOUTH VOTE” СОШИАЛ ХӨДӨЛГӨӨН БУЮУ ЗАЛУУСЫН ОРОЛЦООГ НЭГЭЭР НЭМЬЕ...

ikon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN

Сонгуульд залуучуудын идэвх муу байна гэх шүүмжлэл өнгөрсөн сонгуулиудаар байнга гарч байсан.

Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг ч голлох нэг шалтгаан нь залуучууд бид өөрсдийн оролцооны үнэ цэнийг мэддэггүй, анзаардаггүй явдал. Тиймээс “БИДНИЙ +1 САНАЛ Ч ҮНЭ ЦЭНТЭЙ. ОРОЛЦООГ БОДИТООР ХАРУУЛЪЯ” гэдэг мессэжийг Сонгуулийн дата хакатоны ялагч “2020” багийнхан өөрсдийн бүтээлээр хүргэхийг зорьжээ.

Энэ агуулгыг тэд +1 Youth Vote гэсэн томьёололд нэгтгэж, нээлттэй датаг боловсруулан, хоорондоо уялдаа бүхий хэд хэдэн бүтээл, санаа шийдлийг амжилттай танилцуулсан.

 

Лийд төгсөгчдийн холбооноос (LEAD Alumni Association) Азийн Сантай хамтран зохион байгуулсан тус хакатон нь залуучуудын сонгуулийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилго дор 48 цагийн дотор амжилттай зохион байгуулагдаж, шилдэг бүтээлүүдээ олон нийтэд танилцуулаад байна.

ТЭД ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?

Хакатоны ялагч “2020” багийнхан нэн тэргүүнд газар зүйн мэдээллийн системийг ашиглан 18-40 насны иргэд аль бүс нутагт ихээр оршин суудаг болохыг тус бүс нутаг дахь нийт хүн амын тоотой харьцуулан 3D хэлбэрээр зураглан харуулсан байна.

Үүний дараагаар 2016 оны УИХ-ын сонгуулийн ирцийн тайлан мэдээнээс 18-40 насны сонгуульд саналаа өгсөн иргэдийн тоог тус насны саналаа өгөх ёстой байсан иргэдийн нийт тоотой харьцуулж үзжээ.

Үр дүнгээ мөн газарзүйн мэдээллийн системийг ашиглан Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээр зурагласан байна. (Ногоон нь идэвх оролцоо сайн, шар нь дунд зэрэг, улаан болох тусам оролцоо бага байгааг харуулна).

 

2016 онд улсын хэмжээнд 18-40 насны сонгогчдын ердөө тал хувь нь сонгуульд саналаа өгсөн болохыг дээрхээс харж болно. Улаанбаатар хотын тухайд Хан-Уул, Налайх дүүргийн залуу сонгогчдын ирц харьцангуй боломжийн байгаа ч нийтэд нь дүгнээд үзвэл залуучуудын оролцоо хангалтгүй байгааг гаргажээ.

 

ТЭДНИЙ ДЭВШҮҮЛСЭН САНАА ЮУ ВЭ?

Нэгдүгээрт, дээрх дата боловсруулалт дээрээ үндэслэн “2020” баг энэ жилийн УИХ-ын сонгууль дахь залуусын оролцоог газрын зураг дээр шууд дамжуулах санааг дэвшүүлсэн юм.

Ингэхдээ 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18-40 насны залуучууд сонгуульдаа хэр зэрэг идэвхтэй оролцож байгааг бүс нутаг (нийслэл, аймаг, сум, дүүрэг) бүрээр тодорхой цагийн давтамжтайгаар харуулах ба тухайн бүс нутагт саналаа өгөх ёстой залуучуудын тоотой сонгуулийн ирцийн дүнг харьцуулж, хангалттай ирцтэй бол ногоон, дунд зэрэг бол шар, ирц муутай бол улайх байдлаар харагдахаар төлөвлөсөн байна.

Энэ нь залуучууд өөрсдөө амьдарч буй бүс нутагтаа ямар оролцоотой байгааг бодитоор, цаг тухайд нь харах боломжийг олгох ба үүгээр дамжуулан залуучуудын сонгуульд саналаа өгөх идэвх нэмэгдэх боломжтой гэж тэд үзжээ. Тус шууд дамжуулалтыг газар зүйн байршлаар харахаас гадна нийт залуучуудын сонгуулийн ирцийн график, сонгууль өгөх цагийн гүйлт зэргийг давхар харуулах байдлаар илүү боловсронгуй болгох боломжтой юм байна.

Хоёрдугаарт, “Бидний нэг санал ч үнэ цэнтэй. Оролцоог бодитоор харуулъя” хэмээх уриалга, хөдөлгөөнийг үүсгэхээр санаачлаад байна. Үүний тулд залуучуудын идэвхтэй ашигладаг Инстаграм, Фэйсбүүк зэрэг сошиал медиад +1 Youth Vote филтерийг бүтээсэн бөгөөд сонгуульд саналаа өгсөн хүн бүр сонгуулийн өдөр тус филтерийг ашиглан “залуусын оролцоог нэгээр нэмсэн” гэдгээ илэрхийлж өөрийн инстаграм, фэйсбүүкт пост, стори оруулах давалгааг өрнүүлэх ажээ.

2020 багийнхан мөн өгөгдсөн 48 цагийн хугацаанд залуучуудыг сонгуульд саналаа өгөхийг уриалаад зогсохгүй, сонгууль болон улс төрийн асуудлыг эерэг, эрч хүчтэй мэдрэмж төрүүлэхүйц хэлбэрээр залуусын анхааралд хүргэхийг зорьж дараах видеог бүтээжээ.

ХАКАТОН ДУУССАН Ч АЖИЛ ДУУСААГҮЙ

“2020” багийн дээрх санаачилгыг ажил хэрэг болгохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Залуучуудын сонгуулийн ирцийг тодорхой цаг тутамд нээлттэй харуулах, саналаа өгөхийг уриалж, манлайлан ажиллахаар бэлдэж байна.

“2020” багийн хамт олон:

 

Зүүн гар талаас Т.Билгүүнтөгс (дата аналист), Ө.Болортуяа (судлаач), Д.Дэнсмаа (сэтгүүлч), Г.Чинзориг (активист), Б.Гэрэлсүх (дизайнер)

 

“БИДНИЙ +1 САНАЛ Ч ҮНЭ ЦЭНТЭЙ. ОРОЛЦООГ БОДИТООР ХАРУУЛЪЯ”

 

Лийд Төгсөгчдийн Холбоо

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.