Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорионы үр дүнд АНУ-д 60 сая хүнийг халдвараас сэргийлж, Европт 3.1 сая хүний амийг аварсан гэж дүгнэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Global Policy Laboratory-ийн судлаачид дэлхийн зургаан улс оронд цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэмийн нөлөөг компьютер загварчлалын аргаар тооцоолсон үр дүнгээ танилцуулжээ.

Уг судалгаанд хамрагдсан орнууд нь АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Итали, Франц, Иран юм.

Судлаачдын дүгнэснээр хөл хорио тогтоогоогүй бол гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 6 хүртэл хугацаанд АНУ-д нэмж 60 сая хүн коронавирусийн халдвар авах байжээ. Өнөөдөр тус улсад бүртгэгдсэн халдварын тоо 1.9 сая гаруй байгаа юм.

Хятад улсын хувьд үр дүн бүр өндөр гарсан байна. Нэгдүгээр сарын 16-наас гуравдугаар сарын 5 хүртэл хугацаанд тус улсад хөл хорио тогтоосны үр дүнд 285 сая хүнийг Covid-19 өвчний халдвараас хамгаалж чаджээ.

Өнөөдрийн байдлаар Хятад улсад 84,000 орчим тохиолдол бүртгэгдээд байна.

Хэрвээ Ухань хотыг тусгаарлаагүй бол тус хотын халдварын тохиолдол өнөөдрийнхөөс 65 хувиар өндөр байх байжээ.

Энэ мэтээр хөл хорио Иранд 54 сая, Италид 49 сая, Францад 45 сая, Өмнөд Солонгост 38 сая хүнийг халдвараас сэргийлсэн гэж судлаачид дүгнэсэн байна.

Үүнээс гадна хөл хориог цөөн хоногийн өмнө зарласан бол олон хүний амийг аврах боломжтой байсныг Колумбийн Их сургуулийн саяхан танилцуулсан өөр нэг судалгааны дүн харуулжээ. Тухайлбал хөл хориог нэгээс хоёр долоо хоногийн өмнө зарласан бол АНУ-д 645,000 хүнийг халдвараас сэргийлж, 36,000 хүний амийг аврах байсан гэнэ.

Өчигдөр бас Их Британийн Imperial College London сургуулийн судлаачид Европын 11 оронд хөл хорионы дэглэм хэрхэн нөлөөлснийг тооцоолсноо танилцуулсан юм.

Хөл хорионы дэглэм Италид 630,000 хүн, Францад 690,000 хүний амийг аварсан гэж тус судалгааны тайланд өгүүлжээ.

Ижил хугацаанд Германд 560,000 хүн, Их Британид 400,000 хүний амь аврагдсан гэж дүгнэсэн байна.

Хамгийн цөөн хүний амь аврагдсан нь Скандинавын орнууд байжээ. Үүнд Дани 34,000, Швед 26,000, Норвеги 12,000 хүний амийг хөл хорионы тусламжтай аварсан гэж тооцоолсон байна.

 

Эх сурвалж: Business Insider