Улсын Ерөнхий Прокурорын газраас Гэмт хэргийн мэдээлэл авах E-JUSTICE.MN цахим хаягийг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ:
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх e-justice.mn портал сайт нээгдлээ.
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2015 оны долоодугаар сарын 8- ны өдөр 23 дугаартай “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ байгуулах тухай" тогтоол гарсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг “Цахим нэгтгэл" төслийн баг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран хийж гүйцэтгээд байна.
Энэхүү мэдээллийн санд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан, Үндэсний дата төвийн системүүд холбогдон эрүүгийн хэргийн болон бусад мэдээллийг харилцан солилцож байна.
Мөн ажлын хэсэг болон төслийн багаас санаачлан иргэдэд зориулсан e-justice.mn сайтыг гаргаад байгаа юм. Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд хуулийн байгууллагын мэдээллийн санд суурилан мөрдөх байгууллагад гомдол гаргасан иргэн гомдол шалгах явц шийдвэрлэлтийн мэдээллийг, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн болон гэмт хэрэгт холбогдсон иргэн өөрт хамааралтай хэргийн бодит мэдээллийг интернэт ашиглан дурын газраас авах боломжийг бүрдүүлсэн e-justice.mn системд 2017 онooc хойш эрүүгийн хэргийн мэдээллүүд багтсан байна.
Иргэд энэхүү системд хандахдаа төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн “ДАН" нэгдсэн системээр дамжиж, өөрийн нэр дээр байгаа үүрэн телефоны утасны дугаараар нэг удаагийн нэвтрэх нууц үг хүлээн авч түүгээрээ холбогдох юм. Энэхүү системээр дамжуулаад иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь авахаас гадна хуулийн байгууллагын ажил иргэдэд ил тод, нээлттэй болох ач холбогдолтой юм байна.
УЕПГ-ын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар e-justice.mn системийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Хэн нэгэн иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад тухайн гомдол нь хэрэг бүртгэлтийн шатанд явж байна уу, мөрдөн байцаалтын шатанд явж байна уу түүний дараа прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн үү, шүүх хэрхэн шийдэж байна гэдгийг цахимаар хянах боломжтой болж байна.
Энэ бол иргэдэд зориулсан мэдээллийн сайт юм. Хуулийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааг иргэнд нээлттэй байлгахаар хийгдсэн. Иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хуулийн байгууллагуудтай харилцаж эхэлдэг. Ингээд хуулийн байгууллагад очих шаардлага үүсдэг. Үүнийг тодорхой хэмжээгээр багасгаж, цахимаар гомдол нь ямар шатанд явааг, хэн гэдэг мөрдөгч шалгаж байгааг хянах боломжтой болгосон гэсэн үг.
Энэ сайт нь 2020 оны зургаадугаар сарын 15-аас албан ёсоор ажиллаж эхэлнэ" гэлээ.