Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Huffington Post сонин Монгол Улсыг коронавирустэй хийх тэмцлийн “супер од” гэж өргөмжилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Америкийн томоохон онлайн сонин Huffington Post өчигдөр “S**thole Countries Have handled the Coronavirus Better Than The United States” гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ.

Гарчгийг орчуулбал “’Жорлонгийн нүх’ гэгддэг улс орнууд коронавирустэй Нэгдсэн Улсаас илүү сайн тэмцэж байна” гэсэн утгатай. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр жилийн өмнө цагаачлалын асуудлыг засгийн газрын хаалттай хуралдааны үеэр хэлэлцэхдээ Африкийн орнуудыг “shithole countries” гэж нэрлэсэн нь сүүлд задарч, гадаад дотоодод ширүүн шүүмжлүүлж байсан юм.

Өчигдрийн нийтлэлд АНУ болон Баруун Европын орнууд коронавирусийн цар тахалтай тэмцэх тал дээр буурай хөгжилтэй орнуудаас муу ажилласныг тоо баримт дээр тулгуурлан бичжээ.

Тухайлбал АНУ, Итали, Испани, Франц, Их Британи улсууд дэлхийн хүн амын ердөө 7.5 хувийг бүрдүүлдэг ч Covid-19 өвчнөөр амиа алдсан нийт хүмүүсийн гуравны хоёрыг бүрдүүлж байгаа гэнэ.

Өнгөрсөн сард Дэлхийн Банкнаас гаргасан тайланд хөгжиж байгаа орнууд дэлхийн хүн амын 85 хувийг бүрдүүлдэг бол коронавирусийн тахлаар нас барсан хүмүүсийн 21 хувь эдгээр орнуудад оногдож байгааг дурджээ.

Трампын “shithole countries” гэж нэрлэсэн Баруун Африкийн орнуудад тавдугаар сарын сүүлээр нийтдээ 654 хүн Covid-19 өвчнөөр нас бараад байсан бол өрнөдийн орнуудад өдөр бүр ийм тооны хүн амиа алдаж байсныг дурдсан байна.

Тус өгүүлэлд цар тахлын хамгийн том голомтуудтай хил залгадаг ч сэргийлэх арга хэмжээг сайн авч чадсан Монгол, Вьетнам, Словени улсуудыг коронавирустэй хийх тэмцлийн “супер одууд” гэж өргөмжилжээ.

 

Хэдийгээр хөгжиж байгаа орнуудад оношилгоо цөөн хийгдэж, тоо баримтыг бүрэн гаргаж чадахгүй байх магадлалтай ч бодит амьдрал дээр нөхцөл байдал өрнөдийн орнуудынхаас хавьгүй дээр байгааг нийтлэлч тайлбарласан байна.

Нэгдүгээр сард Дональд Трамп коронавирусийн тахлыг нэвтрүүлэлгүй дарж чадна гэж америкчуудыг тайтгаруулж байх үед баруун Африкийн Сенегал улс хилээ хаах арга хэмжээ авч байсныг, баруун Европын орнуудын удирдагчид ямар ч арга хэмжээ авалгүй вирусийг чөлөөтэй тарааж байсан хоёрдугаар сард Монгол улс цагаан сарын баяраа цуцалж, 800 гаруй хүнээс бүрдсэн цар тахалтай тэмцэх хороог байгуулж байсныг өгүүлэлд дурджээ.

Үүний үр дүнд өнөөдөр Сенегал улсад ердөө 47 хүн Covid-19 өвчнөөр нас барсан байгаа бол тус улстай ойролцоо хүн амтай АНУ-ын Пеннсилвани мужид 5,931 хүн нас барсныг харьцуулсан байна.

Мөн тус нийтлэлд цар тахлын эсрэг түрүүлж арга хэмжээ авсан улсууд хэрхэн аврагддагийг хөрш зэргэлдээ Кавказын хоёр орон болох Гүрж, Армений жишээгээр тайлбарлажээ.

Газар зүйн ижил байрлал, цаг уур, хөгжлийн түвшин ойролцоо энэ хоёр улсад нөхцөл байдал эрс өөр байгаа юм. Нэгдүгээр сард Гүрж улс Италиас ирэх нислэгүүдийг зогсоож, нисэх буудлуудад үзлэг шалгалт хийдэг болж, хэвлэл мэдээллээр халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хүмүүст өгч эхэлжээ. Гуравдугаар сарын 6-нд тус улсад хорио цээрийн хатуу дэглэм тогтсон байна.

Армени улсад эсрэгээрээ ямар нэг арга хэмжээ авалгүй байсаар гуравдугаар сарын 15-нд хөл хорио зарлаж байжээ. Өнөөдөр Гүрж улсад коронавирусийн халдварын 800 тохиолдол бүртгэгдсэн бол Арменид 10,000 гаруй тохиолдол илрээд байна.

Нэг үгээр хэлбэл Covid-19 өвчний вакцин, эм бий болоогүй байгаа энэ үед цаг хожих нь хүмүүсийн амь насыг аврах цорын ганц боломж байсныг тус өгүүлэлд онцолж, энэ тал дээр дэлхийн хөгжингүй улс орнууд ядуу буурай орнуудаас хоцорсныг олон жишээгээр батлан харуулжээ.

 

Эх сурвалж: Huffington Post