Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын тал анх удаа Өмнөд Солонгосын утасны дуудлагад хариу өгсөнгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2018 онд хоёр Солонгосын эрх баригчид хоорондын харилцааг зохицуулах төлөөлөгчийн газрыг хилийн хоёр талд бий болгож, өдөр тутам утсаар шууд холбогдож мэдээлэл солилцдог болсон юм.

Өөрөөр хэлбэл Солонгосын дайнаас хойш энхийн гэрээ байгуулаагүй, элчин сайдын яам нээгээгүй байгаа хоёр улсын дунд дипломат сувгийн үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл өнөөдөр Өмнөд Солонгосын талаас хийсэн ээлжит утасны дуудлагад Умард Солонгосын тал анх удаа хариу өгөөгүйг Сөүлийн албаныхан мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Пёньяны эрх баригчид хил давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол уг төлөөлөгчийн газрыг хаана гэж сүрдүүлж байв.

Агаарын бөмбөлөгт зүүсэн материалуудыг хүний эрхийн байгууллагууд, Умардаас дүрвэж ирсэн хүмүүс хил давуулан хөөргөдөг юм.

2018 онд Панмунжомд болсон хоёр Солонгосын удирдагчдын түүхэн уулзалтын дараа тухайн оны есдүгээр сард төлөөлөгчийн газрыг нээсэн бөгөөд талууд өдөр бүрийн 9:00, 17:00 цагуудад хоёр удаа утсаар холбогдож мэдээлэл солилцдог.

“Өнөөдөр өглөө манай төлөөлөгчийн газраас Умард Солонгосын тал руу залгасан ч хариу өгөөгүй байна. Энэ нь дуудлагад хариу өгөөгүй анхны тохиолдол юм. Үдээс хойш бид дахин залгах болно” гэж Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News