Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Хилээр орж ирсэн жолооч нар хоорондоо хавьтал болоогүй. ОХУ-ын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар авчирч байгаа"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

Өчигдөр хилээр орж ирсэн ачаа тээврийн жолооч нарт шинжилгээ хийхэд ОХУ-ын нэг иргэн, нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 194 болсон билээ.

"ОХУ-ын иргэний биеийн байдал ямар нэг зовуурьгүй хэвийн байгаа"

-Шинээр батлагдсан тохиолдлын шинжилгээг аль лабораторид хийсэн бэ. Хаана эмчлэх вэ?

А.Амбасэлмаа: -ОХУ-аас Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан-Уул аймагт хийж буй.

Шинжилгээний хариу нь эерэг гарсан жолооч нь ОХУ-аас анх удаа манай улсын хилээр орж ирсэн байна.

Тухайн жолоочийг ХӨСҮТ-д тусгаарлахаар Сэлэнгэ аймгаас авчирч байгаа.

- Биеийн байдал нь ямар байгаа бол. Түүнийг ХӨСҮТ-д эмчлээд буцаах уу?

А.Амбасэлмаа: -ОХУ-ын иргэний биеийн байдал хэвийн. Ямар нэг зовуурьгүй байгаа. Түүнийг олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу Монголд эмчилнэ. 

Учир нь халдварт өвчнийг оношлогдсон нутаг дэвсгэрт эмчлэх үүрэгтэй. Өвчлөлийн тоо нь ч өвчлөл анх оношлогдсон газраа бүртгэгдэнэ.

-Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас шинжилгээ авсан болов уу?

А.Амбасэлмаа: - Бид тухайн өдөр хилээр орж ирсэн 29 жолоочид бүгдэд нь шинжилгээ хийсэн. Түүний 28-аас нь коронавирус илрээгүй бол нэг жолоочоос нь илэрсэн гэсэн үг.

Тэдгээр жолооч хоорондоо ямар нэг байдлаар хавьтал болоогүй.

Учир нь ОХУ-аас ч, манай улсаас ч давхар хяналт тавьж кабинд нь байлгаж байгаа бөгөөд шинжилгээний хариу гартал хооронд нь уулзуулахгүй байгаа.

" Австрали улсаас 261 хүн ирэхээр байна"

-Австрали улсаас хэчнээн иргэн ирэх вэ. Тэднийг хаана тусгаарлаж, шинжилгээ авах вэ?

А.Амбасэлмаа: -Бидний авсан мэдээллээр Австрали улсаас 261 хүн ирэхээр байна. Тэдний зарим нь шинжилгээ хийлгээгүй.

Тэдгээр иргэд дунд коронавирусийн ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэгтэй байвал ХӨСҮТ-д тусгаарлана. Бусдыг нь нэг, нэгээр нь өөр газар тусгаарлаж, шинжилгээ авна.

Мөн бид тавдугаар сарын 13-наас эхлэн өнөөдрийг хүртэл үүргийн онгоцоор болон Алтанбулагийн хилээр орж ирсэн 2,000 гаруй хүнд хяналт тавьсан, хяналтын хугацаа дууссан хүмүүс нь гарсан.

Тэдгээрт 2-7 удаа шинжилгээ хийж, хяналт тавин гаргаж буй.

"Австрали улс халдварын тархалтын амжилттай хязгаарласан улсуудын тоонд багтаж буй"

-Австрали улсад халдварын тархалт хэр өндөр байгаа бол?

Б.Янжмаа: - Зургаадугаар сарын 7-ны өдрийн 10:00 цагийн байдлаар Австрали улсад нийт 7,255  халдварын тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 102 хүн эндсэн гэх мэдээлэл байна. Мөн өчигдөр тус улсад дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн.

Австрали улс COVID-19 халдварын тархалтыг маш амжилттай хязгаарлаж чадсан улсуудын тоонд багтаж байгаа юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/565742384334699/?v=565742384334699

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.