Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Бразил улс коронавирусийн тоо баримтаа зарлахыг зогсоолоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару

Бразил улсын засгийн газар өнгөрсөн Бямба гарагаас эхлэн коронавирусийн халдварын нийт тохиолдол, нийт нас баралтын тоог зарлахаа зогсоожээ.

Тус улсын ерөнхийлөгч Жайр Болсонару ийм шийдвэр гаргасан байна. Мэргэжилтнүүд, судлаачид Бразилын засгийн газрын гаргаж байгаа албан ёсны тоо баримтыг бодитой биш гэж шүүмжилдэг байсан юм.

Хамгийн сүүлийн байдлаар тус улсад батлагдсан халдварын тоо 615,000 орчим, нас баралтын тоо 34,000 гаруй байжээ. Халдварын тоо нь дэлхийд АНУ-ын дараа хоёрт орох, нас баралтын тоо нь АНУ, Их Британийн дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм.

Өмнөд Америк тивийн хамгийн том улс Бразил 210 сая хүн амтай.

Тэгвэл Бямба гарагаас эхлэн тус улсын эрүүл мэндийн яам вэбсайтаасаа халдварын болон нас баралтын нийт тоог хасаж, зөвхөн сүүлийн 24 цагийн хугацаанд нэмэгдсэн тоог харуулах болжээ.

Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару твиттер хуудсандаа Covid-19 өвчний нийт тоон үзүүлэлт нь тус улсын өнөөгийн нөхцөл байдлыг илэрхийлэхгүй гэж үзэж байгаа тул хасах шийдвэр гаргаснаа Бямба гарагт тайлбарласан байна.

Болсонаругийн талыг баримтлагч зарим албан тушаалтан Бразилын зарим мужууд санаатайгаар өсгөсөн тоо төвдөө илгээж байгаагаас ийм арга хэмжээ авах болсон гэж тайлбарлажээ.

 Харин Бразилын дээд шүүхийн шүүгч Гилмар Мендес “статистик тоон мэдээллийг засварлах нь тоталитар дэглэмийн арга барил юм” гэж Болсонаруг шүүмжилсэн байна. Тус улсын прокурорын төв байгууллага эрүүл мэндийн яамны уг үйлдлийг шалгахаар болсноо зарласан юм.

Дэлхийн улс орнууд цар тахлын тоон мэдээг нарийвчлалтай гаргаж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Ингэхдээ бодит тоо нь албан ёсны тооноос өндөр байгаа гэж үздэг юм.

Харин Бразилын ерөнхийлөгч албан ёсны тоо нь бодит тооноос өндөр байгаа гэж үзсэн анхны төрийн тэргүүн байж магадгүй.

Жайр Болсонару нь коронавирусийн цар тахлыг “ханиад төдий зүйл” гэж ярьж, хорио цээрийн дэглэм зөрчин олон нийтийн арга хэмжээнд оролцож, Covid-19 өвчнөөр нас барсан хүмүүсийг “хувь тавилангаа дагаж байгаа нь тэр” гэж хэлж байсан удаатай.

 

Эх сурвалж: Associated Press