Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

О.Ариунтуяа: Хязгаарлалтаа сулруулж байгаа улс орнуудад халдварын тоо нэмэгдэх магадлалтай

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр “Сүүлийн 24 цагт COVID-19 халдвар:

  • Бразил улсад таван хувиар,
  • ОХУ-д гурван хувиар,
  • АНУ-д нэг хувиар нэмэгдсэн байна.

Нас баралт Их Британи, Италид 14 хувьтай байгаа бол АНУ, Бразилд 6 хувьтай, Энэтхэгт 3 хувьтай байна.

Номхон далайн баруун бүс дэлхийн хүн амын ¼-ийг эзэлдэг ч COVID-19 халдварын нийт тохиолдлын 3 хувь, нас баралтын хоёр ч хүрэхгүй хувийг эзэлж байгаа юм.

Одоогоор энэ бүс нутагт хүн амын дунд өргөн хүрээнд халдвар тархсан улс, орон байхгүй байгаа бөгөөд тохиолдлыг эрт илрүүлж, хязгаарлалтын арга хэмжээг харьцангуй эрт нэвтрүүлсэн.

Тухайлбал, Сингапурт бүртгэгдсэн нийт тохиолдлын 90 хувь нь гадаадын ажилчид байна. Нийт 37 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 24 хүн нас барсан.

Сингапур хязгаарлалтын арга хэмжээг зургаадугаар сараас эхлэн гурван үе шаттайгаар сулруулж буй. Харин Малайз, Япон, БНСУ-д тохиолдлын тоо нэмэгдэж байна" гэв.

Үргэлжлүүлэн "Ихэнх улсад тархалт бага, хязгаарлах арга хэмжээг сулруулж, хүн амын бөөгнөрөл гарч эхэлж байгаатай холбоотойгоор ирэх долоо хоногуудад халдварын тоо нэмэгдэх магадлалтай.

Агааржуулалт, гарын ариун цэвэр болоод хүн хоорондын зайг хангалтгүй барьж байгаа орчинд халдвар тархах эрсдэл өндөр байна.

ДЭМБ-аас өнгөрсөн долоо хоногт нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх, хуурай замын зангилаа хилийн нэвтрэх цэгт COVID-19-ийн халдвараас сэргийлэх, олон нийтийн арга хэмжээг төлөвлөх, тохиолдлыг илрүүлж, хавьтлуудыг тогтооход цахим технологийг ашиглах, эмнэл зүйн удирдамж зэрэг 10 гаруй удирдамжийг шинэчилсэн.

ДЭМБ-аас 155 улсад хийсэн судалгаагаар цар тахал эхэлснээс хойш халдварт бус өвчний урьдчилан сэргийлэх эмчилгээ, үйлчилгээ нэлээд тасалдсан дүн гарчээ.

Халдварт бус архаг хууч өвчтэй хүмүүс COVID-19 халдвараар өвчилж, нас барах өндөр эрсдэлтэй байгаа тул тусламж үйлчилгээг тасралтгүй явуулах болоод шинэлэг арга барилыг нэвтрүүлэх нь чухал" гэдгийг нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/565742384334699/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.