Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Араб коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол нь 100,000 давсан дэлхийн 15 дахь улс боллоо

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Саудын Араб улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо Ням гарагт 100,000-ыг давснаар энэ босгыг давсан дэлхийн 15 дахь улс болжээ.

Нийт 101,914 батлагдсан тохиолдлоор тус улс Персийн булангийн орнуудыг тэргүүлж байна. Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо Ням гарагийн байдлаар 712 хүрчээ.

Саудын Араб улс хорио цээрийн дэглэмээ саяхан сулруулснаар шинэ халдварын тоо нь нэмэгдэж эхэлсэн юм. Сүүлийн хоёр өдөр дараалан өдөрт шинээр илэрсэн халдварын тоо 3,000 давжээ.

Одоогоор Исламын шашны ариун газарт тооцогддог Мекка, Медина хотуудад мөргөлчдийг нэвтрүүлэхгүй байна. Жил бүр эдгээр хотуудад хаж мөргөл болж, дэлхийн өнцөг булан бүрээс сая сая муслим цуглардаг.

Энэ жилийн мөргөл долдугаар сарын сүүлээр болох ёстой ч цуцлагдах магадлал өндөр байна.

Саудын засгийн газар хаж мөргөлд явах төлөвлөгөөгөө эцэслэн шийдэлгүй хүлээхийг орон орны сүсэгтнүүдэд анхааруулаад байгаа.

Өнгөрсөн оны хаж мөргөлд оролцохоор 2.5 сая муслим Саудын Арабт ирж байв. Хаж мөргөл нь Исламын шашинт хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа үйлдэх ёстой зан үйл юм.

Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тоо 7 саяд ойртож байгаа бол нас барсан хүний тоо Ням гарагт 400,000 хүрсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian