Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид боолын худалдаачны хөшөөг буулгаж, голд живүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-д өрнөж буй арьс өнгөний үзлийн эсрэг "Black Lives Matter" тэмцлийг дэмжсэн жагсаал цуглаанууд өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн олон оронд болж өнгөрлөө.

Ням гарагт Их Британи даяар хэдэн арван мянган хүн оролцсон жагсаал болсон байна. Бристол хотод жагссан иргэд тус хотын бэлгэдэл болсон боолын худалдаачин Эдвард Колстоны хөшөөг буулгаж, голын усанд живүүлжээ.

Зарим түүхчид энэ үйл явдлыг Иракт Саддам Хусейны хөшөөг буулгасан үйл явдалтай харьцуулсан бол эрх баригчид үүнийг түүхэн дурсгалыг сүйтгэсэн гэмт хэрэг гэж үзэн шалгахаар болсон байна.

1895 онд босгосон энэ хөшөө Бристол хот боолын худалдаанд чухал үүрэгтэй газар байсныг харуулдаг ба сүүлийн жилүүдэд ийм хөшөө байх ёстой эсэх талаар нийгэмд маргаан үүсээд байгаа.

Тус хотын 11,000 гаруй оршин суугч хөшөөг буулгахыг уриалсан өргөдөлөд гарын үсэг зураад байжээ. Эдвард Колстоны компани Баруун Африкаас Карибын тэнгисийн сав, Америк тивд 1672 оноос 1689 оны хооронд 100,000 гаруй боол тээвэрлэн хүргэж, зарсан гэдэг.

Боолуудын цээжинд Колстоны компанийн таних тэмдэг болох “RAC” үсэгнүүдийг сийлдэг байжээ. Тээвэрлэлтийн үеэр ариун цэвэр муу, хоол ундгүй байдлаас болж 20,000 гаруй боол амь үрэгдэхэд цогцсыг нь далайд хаяж байсан юм.

Колстон нь Бристол хотод их хэмжээний хөрөнгө оруулсан гавьяатай ч энэ мөнгө нь боолын худалдааны орлого байжээ. Бристол хотын хамгийн том концертын танхим 2017 онд нэрнээсээ Колстоны нэрийг авч хаясан юм.

Хотын захиргаа 2018 онд өөрийн албан байрны хананаас Колстоны хөргийг буулгаж байжээ.

 

Эх сурвалж: BBC