Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп “АНУ-ын эдийн засгийн сэргэлтийг Жорж Флоид диваажингаас хараад баярлаж байгаа” гэж хэлээд буруудав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Саяхан цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флоидын нэрийг улс төрийн зорилгоор ашигласан гэж олон хүн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгажээ.

Өчигдөр буюу Баасан гарагт тус улсын ажилгүйдлын түвшин өнгөрсөн тавдугааар сард цар тахлаас хойш анх удаа 13.3 хувь болж буурсан тухай тайлан мэдээ гарсан нь эдийн засаг сэргэх найдлага төрүүлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Өнөөдөр Америкийн түүхэнд аугаа сэргэлт тохиолдож байна. Жорж улс оронд нь ямар гайхалтай үйл явдал өрнөж байгааг дээрээс хараад баярлаж байгаа байх. Энэ бол түүний хувьд аугаа өдөр. Бүх хүмүүсийн хувьд аугаа өдөр юм” гэж хэлжээ.

Трампын хэлсэн үг тэр дороо ширүүн шүүмжлэлтэй тулгарсан юм.

Ардчилсан Намаас ирэх сонгуульд нэр дэвшиж байгаа Жо Байден “Жорж Флоидын хэлсэн сүүлчийн үг ‘Би амьсгалж чадахгүй байна’. Энэ үг манай орон даяар, цаашлаад дэлхий даяар цуурайтаж байна. Жорж Флоидын хэлсэн энэ үгийг ерөнхийлөгч өөр үгээр орлуулах гэж оролдсон нь жигшүүртэй явдал юм” гэж мэдэгдсэн байна.

Бүгд Найрамдах Намын Үндэсний Хорооны дарга асан, африк гаралтай улстөрч Майкл Стил “Энэ бол улс оронд болж буй үйл явдлыг ойлгохгүй байгаагаас гадна Жорж Флоидын түүхийг өөрчлөх гэсэн оролдлого. Жорж Флоид тэнгэрээс хараад ‘Хөөх, ажилгүйдэл буурчээ!’ гэж хэлсэн гэдэгт би эргэлзэж байна. Ерөнхийлөгч бодит амьдралаас хэр хол байгааг энэ явдал харуулж байна. Телевизийн реалити шоуны ерөнхийлөгч ардчилал, засаглал, Америк мөрөөдлийг бодитой болгохын төлөө зүтгэж байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралтай зохицохгүй байгааг харууллаа” гэж MSNBC сувагт ярьжээ.

Эдийн засагчид коронавирусийн цар тахлаас үүдэлтэй ажилгүйдлын түвшин 20 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргаад байв. Гэтэл Баасан гарагт гарсан тайланд 13.3 хувь болж буурсан нь олон хүнийг гайхшруулсан, төсөөлж байгаагүй үр дүн байлаа.

Гэхдээ энэ тоо өмнөх дээд үзүүлэлт болох 1982 оны 10.8 хувиас өндөр байгаа юм. Гурав, дөрөвдүгээр саруудад АНУ-д ажилгүйдэл эрчимтэй нэмэгдэж байсан бол тавдугаар сард 2.5 сая ажлын байр шинээр нэмэгдсэн нь эдийн засагт сайнаар нөлөөлөх үзүүлэлт болжээ.

Эдгээр нь голдуу зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт нэмэгдсэн нь АНУ даяар хөл хорионы дэглэм суларч, иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой байв.

Өчигдрийн тайлан мэдээг эдийн засагчид, судлаачид янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь үүнийг цар тахлын дараа эдийн засаг сэргэх эхлэл гэж үзэж байгаа бол зарим нь уналтаас гарах цаг хол байгааг анхааруулж байна.

Capital Economics байгууллагын шинжээчид 2020 оны эцсээр цар тахлаас үүдэлтэй бий болсон ажилгүйдлын 60 хувь нь буцаан нөхөгдөж, ажилгүйдлын түвшин 8-10 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргажээ.

 

Эх сурвалж: The Guardian