Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Найм дахь нислэгийг судалж байгаа тул одоогоор зарлах боломжгүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр энэ сард хийх нислэгийн талаар болон бусад мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өглөө. Тэрбээр:

Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсад 11,600 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн. 

Нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байна. Буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэх ч хандлагатай, буурч байгаа ч зүйл байна. Энэ нь тухайн улс орны нөхцөл байдлаас хамаарч байна. Мөн зун болж байна. Оюутнуудын хичээл амарч байгаатай холбоотой нэмэгдэж байна. Үүнийг бүсчлээд харвал 

АНУ-д 2,600 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтэй байна. Азид 5,500 буюу хамгийн олон хүсэлт гаргасан монгол иргэн байгаа бол Европт мөн 2,600 орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа. Энэ тоон мэдээлэл тогтмол шинэчлэгддэг. 

Азид байгаа монгол иргэдийн дийлэнх нь БНСУ-д байна. Өргөдөл гаргасан, хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай 1,900 орчим иргэн бий. Цаана нь таван шаардлагад шууд нийцэхгүй хэдий ч бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд бас байгаа. Бид энэ бүх өргөдөлтэй танилцаж байна.
 
Өнгөрсөн хугацаанд бид гадаадын 30 улсаас 9,068 иргэнээ татаад авчихсан байгаа. Зөвхөн агаараар биш авто замаар мөн иргэдээ татан авч байна. Мөн ойрын хугацаанд БНХАУ-аас ирэх хүсэлтэй 160 гаруй иргэнээ авчирна. Тэр дунд оюутнууд ч байна, түр хугацаагаар яваад саатсан иргэд ч байна. Ял эдлээд суллагдсан иргэд ч байна. Бид Хятадын талтай ойрын хугацаанд яриад иргэдээ татаж авахаар төлөвлөж байгаа.   

Зургаадугаар сард нийт найман удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн талаар мэдээлсэн. Урьдчилсан тооцоогоор 2,000 орчим иргэнээ агаараар татаж авах тооцоотой байна" гэсэн юм.

Зургаадугаар сард хийх нислэгүүд:  

  1. 06 дугаар сарын 08-нд Австрали,
  2. 06 дугаар сарын 10-нд Казакстан,
  3. 06  дугаар сарын 11-нд Токио,
  4. 06 дугаар сарын 12-нд Энэтхэг,
  5. 06  дугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  6. 06 дугаар сарын 18-нд Сөүл
  7. 06 сарын 19-нд Франкфурт хот
 

Өмнө нь мэдээлснээр хоёр нислэг тодорхойгүй байсны нэг нь ийнхүү Сидней рүү нисэхээр боллоо. Харин найм дахь нислэгийг судалж байгаа тул одоогоор зарлах боломжгүй гэдгийг Л.Мөнхтүшиг хэллээ.

Сонгуульд санал өгөх тухайд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд тусгаарлалтад байгаа иргэд санал өгөх боломжгүй учраас эх орондоо ирж байгаа 18-аас дээш насны иргэд үүнийг хүлээн зөвшөөрсөн эсэхээ гарын үсэг зурж баталгаажуулах юм байна.

Видео:

https://www.facebook.com/588990477781350/videos/2461840567459852/