Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Эх орондоо гомдсон “нүгэлтнүүд”

ikon.mn
2020 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-д гацсан иргэдийн төлөөлөл Л.Одсүрэнгийн манай сайтад хандан ирүүлсэн захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.



 “Сэгсгэрч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь” хэмээн монголчууд бид эх орноо голж шилэлгүй, сайн муутай нь хайрлаж хамгаалдаг ард түмэн.

Дэлхийн хаа нь ч явсан эрх дураараа давхиж болох болох баян тансаг, өргөн уудам газар нутгаараа гайхуулах дуртай. Америк Европт “Би  Монгол хүн”, та нар “Чингис хааныг мэдэх үү” хэмээн агсан тавьж Монгол гэдгээрээ бахархдаг хүмүүс. Дэлхийн жишгээр хөгжил муутай улсын тоонд яваа ч хаа явсан ч баян хүн шиг дээгүүр харцтай, бардам алхаатай хүмүүс бол бид.

Гэвч тэгж их хайрлаж бахархадаг эх орондоо нүд үзүүрлэгдэх өдөр ирдэг юм байна.

Дэлхий даяар коронавирус гарч Монгол Улс хилээ хааснаас хойш бараг 4 сар өнгөрчээ. Хил хаах мөчид гадаадад гацсан Монголчууд гомдлоогүй. Зөв дөө, дотоод урьдчилан сэргийлэлт, зохион байгуулалтаа хийчээд удахгүй иргэдээ авах байлгүй дээ л гэж бодсон. Дэлхийн олон улс хилээ хааж, нислэгүүд цуцлагдсан. Тэр үед Ерөнхий сайд маань “Гадаадад гацсан Монголчуудаа авна, тэд чинь амьдрал хөөж ар гэртээ нэмэр болох явсан улс” хэмээн мэдэгдэж гацсан олон монголчуудынхаа “самсааг” шархируулсан. Харамсалтай нь түүнээс хойш 4 сар өнгөрч “самсаа” маань “зүрх” шархиралт болж өөрчлөгджээ. Сүүлийн УОК-н хурал дээр Ерөнхий сайд маань “Бид хилээ нээхгүй, вакцин гартал ярих юм байхгүй, УОК-н шийдвэрийг эсэргүүцсэн, шүүмжилсэн нөхдүүд дэмий шүү” хэмээн ууртайгаар мэдэгдлээ. Анх удаагаа Монголчууд маань эх орондоо гомдож “нүгэл” үйлдэв. Хаягдсан, орхигдсон, эх орон нь өөрсдөөс нь урвасан хөгийн мэдрэмж.

За ингээд сэтгэл хөдлөлийн чанартай үгнүүдээ түр хажуу тийш нь тавиад,  хэлэх ёстой, ойлгуулах ёстой гэж үзэж байгаа хэдэн санаагаа бичье. Харанхуй мууг зүхэж суухаар нэг ч гэсэн гэрэл асаа гэдэг. Энэхүү нийтлэл маань тэр нэг гэрэл болог. Монгол Улс өөрийн иргэддээ хилээ нээхгүй байгаа нь орчин үеийн түүхэн дэх хамгийн амиа бодсон, хамгийн коммунист,  хамгийн хорт үр дагавартай үзэгдэл болж байна. Үүнийг эрх баригчид ч Монголдоо байгаа олон монголчууд ч огт ойлгохгүй байгаа харагдана. Яагаад ингэж хэлэх болсон шалтгааныг доорх тайлбаруудаас ухаж ойлгох байх гэж найдаж байна. 

Шалтгаан 1-Үндсэн хууль зөрчилт

Хамгийн эхэнд Монгол Улсн Засгийн газрыг Монгол Улс Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуулийн (ҮХ) 2-р бүлгийн 18-д зааснаар Монгол улсын иргэн нь “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно” гэж заасан байна. ҮХ-д зааснаар шаардлагатай тохиолдолд зөвхөн “гадаадад явах, оршин суух эрхийг” хуулиар хязгаарлаж болно гэсэн байгаа. Харин эх орондоо буцаж ирэх эрхийг ямар ч хуулиар хязгаарлаж болохгүй. Ковид-19 цар тахлын үеэр зарим улс онцгой байдал зарлаж хилээ хааж байгаа ч өөрийн иргэдээ Монгол Улс шиг хүлээн авахгүй байгаа улс бараг байхгүй. Гадаадад гацсан бусад улсын иргэд билет авсан авиа компанийн нислэг нь цуцлагдсанаар учир харьж чадахгүй байгаа боловч хэрэв ямар нэг нислэгээр эх орондоо яваад очвол тухайн улс нь иргэдээ чөлөөтэй нэвтрүүлж байгаа.

Монголын иргэдийн хүргээд өгье гэсэн гадаадын байгууллага, нислэгийн компаниуд байсаар байхад Монгол Улс иргэдээ авахгүй байгаа нь дэлхий дээрх ганц тохиолдол болж байна. Эх орондоо буцаж ирэх эрх бол үг хэлэх эрх чөлөө, итгэл бишрэлтэй байх эрх чөлөө шиг Монгол Улсын иргэний хувьд хамгийн чухал эрхүүдийн нэг юм. Монгол Улсын Үндсэн Хууль хэр чухал вэ? Үндсэн хууль дээр бичигдсэн заалтууд хэр үнэ цэнэтэй вэ. Болж байгаа үйл явдлыг харвал нэг их чухал, үнэ цэнэтэй биш бололтой. Төр барьж байгаа сайд дарга нар ийм заалт байгааг ч мэдэхгүй, мэдсэн ч энэ нь амьдрал дээр яаж буух ёстойг ойлгохгүй байх шиг.

Шалтгаан 2 – Амь Амиа бодоорой

Аливаа улс орны удирдагчдын хувьд  дайн дажин, өвчин зовлон, эдийн засгийн хямрал тохиолдох үед хийх ёстой  хамгийн чухал үүрэг нь ард иргэдийнхээ зүрх сэтгэл, бодол санааг нэгтгэх  явдал байдаг. Харамсалтай нь Монгол Улсын Засгийн газар энэ цар тахлын үеэр ард иргэдээ нэгтгэх нь бүү хэл харин хоёр хуваан талцуулан, хэрэлдүүлж, яс хаяж байна. Хэдэн долоо хоногийн өмнө “Бид монголдоо буцах эрхтэй” хэмээн Засгийн газрыг шүүмжлэх пост оруулах үед маш олон монгол хүн “Яах гэж явсан юм бэ, хохь чинь, битгий өвчин авирч гай бол” гэх мэт сэтгэгдлүүдийг  хайр найргүй урсгаж байсан.

Зүгээр  л “ За нэг амарчаад ирье” гээд гадаад явдаг хүн монголд хэд байгаа билээ?  Дийлэнх иргэд  гадаадад сурах, эмчлүүлэх, ажил хийх гэж явдаг. Гадаадад гацсан 10,000 хүний ард гэр бүл, хамаатан садан гээд доод тал нь 100,000 иргэн байна. Өнөөдөр тэдгээр иргэд болон Монголд байгаа иргэдийн дунд хэрүүл уруул, үзэн ядал сошиолаар өрнөж байна. Намайг огт мэдэхгүй хүмүүс үнэнээсээ үзэн ядсан сэтгэгдэлүүд бичиж байгаа нь гайхалтай бөгөөд итгэмээргүй. Чингис хаан дайн байлдааны үед аль нэг АРАВТ нь нэг цэргээ орхиод зугтсан бол зугтсан 9-г бүгдийг нь цаазаар авдаг байсан гэдэг.  Ингэж үхсэн ч сэхсэн ч хамтдаа гэсэн зарчмыг сургадаг байж. Хамтын сэтгэлгээтэй, нэгдмэл болсон ард түмэн, улс орон хүчирхэгжиж, гайхамшгийг бүтээдэг. Одоогийн удирдагчид иргэдийн дунд “ХАРХ”-ны уралдаан зарлаж, “Бүгд биш зарим чинь л амьд гарна, чи хохироогүй бол дуугүй бай” гэх амиа бодсон үзлийг хөөрөгдөн, иргэдийн дунд хагарал үүсгэн улс орныг сулдан доройтуулж байна. Хагаран хуваагдсан улс орон удаан оршин тогтнодоггүй.  

Шалтгаан 3 - Эх орноо хайрлах сэтгэлийг устгах

Улс орны удирдагчид ард иргэдийнхээ эх орноо хайрлах сэтгэлийг байнга өрдөж, хамгаалж, дэмжиж байх ёстой. Ингэхийн тулд нь НЭГ иргэнд ч нийт иргэдийн дайтай үнэ цэнэ өгөх явдал юм. Ромын Эзэнт гүрэнд жирийн иргэнийг хохироох нь хааныг хохироож байгаатай ижил гэмт хэрэгт тооцогддог байсан Ромын иргэн байх нь их үнэ цэнэтэй  бөгөөд үүгээрээ бахархаж,  баяр хөөртэйгээр татвараа төлдөг байж. Харамсалтай манай удирдагчид иргэдээ зүгээр л “наанаа үхвэл үх” гээд хаяж байна. Гадаадад байгаа монголчууд иргэнийхээ хувьд хэн ч биш гэдгээ яс махандаа тултал мэдэрч байна. Ийм зүйлийг мэдэрсэн иргэдийн эх орноо хайрлах сэтгэл өсөх үү буурах уу? Өөрсдөө бод доо.

10,000 түүний цаана байгаа 100,000 иргэний эх оронч сэтгэлийг устгаж байгаагийн хор хохирол нь юу вэ? Чингис хаа нэгэнтээ олон үндэстнийг удирдан захирах талаар ”Сэтгэлийг эзэмдэж чадвал, бие нь хаашаа холдохов?” гэж хэлж байсан. Гэтэл сэтгэлийг нь эзэмдэх бүү хэл, эсрэгээрээ сэтгэл рүү ус цацаж байгаа нь Монголын ард түиний эсрэг хийж буй гэмт хэрэг юм.   

Шалтгаан 4 - Коммунизмын сүнс

Коммунист дэглэмийн нэг аймшигтай зүйл нь “нийтийн сайн сайхны төлөө” нэрийн доор нэг буюу хэсэг хүмүүсийг золиослодог. Коммунист нийгэмд нэг хүн ямар ч үнэ цэнэгүй бөгөөд улс орныг шүүмжилсэн, муухай харагдуулж байгаа хүмүүсийг ямар ч эргэлзээгүй дарж устгадаг. Тэгээд иргэддээ төрийн дайсан, тагнуулч, хорлон сүйтгэгчийг устгалаа гэж тархийг нь угаадаг. Өнөөдөр яг л ийм дүр зураг харагдаж байна. Дэлхийд Монгол Улс мундаг байна гэж харагдахын төлөө, сонгуульд санал өгөх хүмүүст бид ёстой үлгэр жишээ ажиллаж байна гэж итгүүлэхийн төлөө гадаадад гацсан 10,000 иргэнийг золиослож байна. УОК-н сүүлийн хурлыг харахад “УОК-н талаар элдэв сөрөг үг хэлж, эсэргүүцэж байгаа нөхдүүдийг бараг төрийн дайсан гэж үзнэ” гэх маягийн сүрдүүлгэ явж байна билээ. Цар тахал дотроо алдаагүй гэж дэлхийд магтуулж, дотоодод байгаа иргэддээ манай Засгийн газар  шиг сайн ажиллаж байгаа улс алга гэж итгүүлж байвал гадаадад байгаа иргэд хамаагүй аж. Энэ бол коммунизмын сүнс юм. Заримыг нь золиослож бусдад нь бид жаргаж байна гэж итгүүлэхийг хичээдэг хуурамч, хиймэл дүр төрх. Татан авсан иргэдийнхээ тоогоор дэлхийд дээрээсээ хоёрт явж байна гэж мунхруулж байна. Тэгвэл гадаадад гацсан, үлдсэн иргэдийн тоог нь хүн амынх нь тоонд хуваагаад тооцвол эргэлзээгүйгээр дэлхийд нэгт орно (муу үзүүлэлтээрээ дэлхийд нэгт орно гэсэн үг шүү). Бусад ихэнх нь улс орон хилийн цаана гацсан иргэдээ татан авч дуусаад одоо гадаадын иргэд, жуулчдад хилээ нээж эхэлж байна.

Энэ бүх шүүмжлэлийг нэг үгээр таглаж байгаа.

Бид бүх чадлаараа ажиллаж байна гэж.

Дарга нарын үгээр бол Монгол Улс бараг 1 эмчтэй, 1 онгоцтой, 1 нисгэгчтэй, 1 эмнэлэгтэй, 1 тусгаарлах зочид буудалтай юм шиг. Гэхдээ үгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа. Монголд 40 гаруй бэлтгэгдсэн нисгэгч, олон улсын нислэг хийх боломжтой дор хаяж 6 онгоц байгаа.

10,000 хүнийг ч нэг дор байрлуулчих боломжтой зочид буудлууд, амралтын газрууд байгаа. Анагаахын чиглэлээр бэлтгэгдсэн болон сурч байгаа хэдэн арван мянган мэргэжилтэнгүүд байгаа. Нөөц бол хангалттай. Гэвч яагаад иргэдээ татаж авахгүй байна. Нэг бол зүгээр л залхуурч байна.

Хамаг юмаа хаагаад иргэдээ авахгүй байна гэдэг бол хамгийн амархан арга.

Гэхдээ эдийн засгийн болон нийгэм сэтгэлзүйн хохирол нь маш өндөр. Энэ хооронд аливаа улсын ажлын байрны дийлэнхийг хангаж байдаг хэчнээн жижиг дунд аж ахуй нэгж дампуурч дахин сэргэх боломжгүй болж байгааг төсөөлөшгүй. Тун удахгүй сөрөг нөлөө нь харагдаж эхлэх биз. Эсвэл ерөөсөө зохион байгуулж чадахгүй байна. Дарга, сайд нарын чадвар дутаж байна.

10,000-хан хүнийг авчраад тусгаарлах операци хийж чадахгүй байна гэж үү. Ковид дэлгэрээд таван сар өнгөрч одоо энэ вирус хэрхэн тардаг, яаж хамгаалах, оношлох гэх мэт гол мэдээллүүд хэдийнээ тодорхой болжээ.

Вакцин гартал бүх юмаа хаана гэвэл улс орон маань аль хэдийнээ сүйрчих байх. Бүх нөөц болон мэдээлүүд нь байна. Хэрэв үнэхээр чадахгүй байгаа бол тэр сайд, дарга нар үнэнээ хэлээд ажлаа өгөх хэрэгтэй.  

Дүгнэлтийн хэсгийг бичихэд яалт ч үгүй сэтгэл хөдлөл  дахин орж ирж байна.  Дарга нар ах дүү хамаатан саднаа татаад дуусчээ гэсэн гунигт бодол төрж байна. Тэдэнд одоо яарах шалтгаан алга. Хамаг мөнгөө шавхан зээл аваад эмчилгээнд явсан, аав ээжийнхээ байрыг барьцаанд тавиад сургуульд явсан, хэдэн сар ажиллаж ар гэртээ нэмэр болох гэж үр хүүхдээ орхиод ирсэн иргэдийн нөхцөл байдлыг тэд ойлгохгүй. Гадаадад 3-4 сар амьдрахад гарч байгаа хэдэн мянган долларын зардал, дээр нь Монгол буцах зардал нь 5-10 сая төгрөг болж нэмэгдсэн нь хэдэн жил хуруу хумсаа хугалан байж хадгалсан хуримтлалыг идэж, эсвэл дахиад хэдэн жил төлөх өр нэмж байгааг тэд мэдэхгүй. Гадаадаас ирсэн иргэд тусгаарлалтын мөнгөө төлөхгүй байна гэж нийтэд зарлан шившиглэж, үзэн ядуулах, иргэдээ дайсагнуулах мэдээлэл цацна. Монголдоо очоод ямар ч мөнгөгүй болсон хүмүүс хэд байгааг мэдэхгүй. Дарга нарт энэ хамаагүй. Харин энэ нөхцөл байдлыг ашиглаад буцах эрхийг хэдэн доллароор зарчих, авилга авчих санаа бол байна гэж хардаж байна. Бусдаар бол тэд санаа зовохгүй. Тэдэнд санаа зовох өөр юм зөндөө байна. Сонгууль ч болох гэж байна.

Тиймээ, бид ч бас сонгууль хүлээж байна. Бид итгэлээ алдаагүй. Үндсэн хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүдэг удирдагч нар гарч ирж, Монгол хүнээ үнэлдэг, НЭГ иргэнээ ч нийт иргэдийнхээ дайтай хамгаалдаг, дэлхийд ямарч гамшиг тохиолдсон өөрийн иргэдээ хүлээн авдаг Монгол Улс болно гэж итгэж байна.

Монголын түүхэнд өөрийн иргэдээ эх оронд нь оруулахгүй хилээ хаадаг ийм гутамшигтай явдал дахин хэзээ ч тохиолдохгүй, Монгол хүн эх орондоо гомдож “нүгэл” үйлдэх нөхцөл байдалд дахин орохгүй гэж итгэж байна.

 

Л.Одсүрэн

АНУ, Колорадо Спрингс

2020.06.05