Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали болон Филиппинээс татан авах 270 орчим иргэн Даваа гарагт Улаанбаатарт ирнэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. 

“Оюутолгой” компани ажилчдаа Австрали улсад хүргэх зорилгоор МИАТ компанийн онгоцыг түрээсэлж, зургаадугаар сарын 8-нд Сидней рүү нислэг үйлдэхээр болсон. Энэ боломжийг бид ашиглаж, Австрали улсад байгаа, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо. 

Ирж байгаа иргэд маань Шуурхай штабаас гаргасан зөвлөмж, зааврыг чанд сахин биелүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардсан үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Татан авах, тусгаарлалтад байрлуулах зайлшгүй гарах зардлыг мөн төлөх байгаа. Ирээд 21 хоног тусгаарлалтад байж, зөвлөмжийг чанд сахина гэдгийг анхаарах хэрэгтэй.

Өнгөрсөн сард бид “Маскаа зүүе” аяныг хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Ийм уг аяныг үргэлжлүүлж, хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Иргэд хувийн эрүүл ахуйг анхаарч, бусдынхаа эрх ашгийг бодож, амны хаалтаа зүүх шаардлагатай байна. 

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотой улс төрийн намуудыг Засгийн газраас гаргасан журмыг дагаж, мөрдөхийг нэр дэвшигчдэд зөвлөж байна. 

Мөн эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдэд хандаж хэлэхэд Шуурхай штаб нэг ч өргөдлийг гээгдүүлэхгүйгээр танилцаж, судалж байгаа. Тиймээс дахин дахин өргөдөл давхцуулж явуулахгүй байхыг хүсье. Тухайлбал, нэг өргөдөл 17 удаа давхцаж ирсэн байна. Одоогийн байдлаар бид маш зузаан 75 боть өргөдөл хүлээн авснаас гадна давхардсан өргөдлүүд 23 боть болчихоод байгаа юм. Бид бүх өргөдөлтэй сайтар танилцаж, судалж байгаа” гэлээ.

"Филиппинд маш хүнд нөхцөлд байгаа 34 хүн энэ онгоцоор ирнэ"

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Сидней болон бусад улс руу хийх нислэгийн талаар мэдээлэл өглөө. 

“Австрали улс руу МИАТ компани анх удаа нислэг хийх гэж байгаа тул маш олон зөвшөөрөл авах хэрэгтэй болсон. Тэр бүх зөвшөөрөл өнөөдөр дуусаж, албан ёсны шийдвэр гарсан тул мэдээлэл өгч байна. 

Хол учраас дунд зайлшгүй онгоц газардаж, сумлах (шатахуунаар цэнэглэх) шаардлагатай. Үүнтэй холбоотой зөвшөөрлийг мөн авсан. Эдгээр зөвшөөрлийг хөөцөлдөх явцдаа Австрали улсаас эх орондоо ирэх хүсэлтэй 1,200 иргэнийхээ бүх хүсэлт, өргөдлийг ЭСЯ-наас Шуурхай штабт хүлээж аваад, өмнөх шаардлагынхаа дагуу нэрсийг баталж, хүргүүлсэн. Энд зөвхөн тодорхой иргэдийг авах гээд нисгэж байгаа, олон нийтэд мэдээлэхгүй нууцаар нисэх гэж байсан гэсэн нь ор үндэслэлгүй юм. 

Онгоц 6-ны шөнө нисээд Даваа гарагийн өглөө Улаанбаатарт газардана. Буцахдаа Филиппинд хүнд байдалд байгаа 34 иргэнээ авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Тус онгоцоор ийнхүү Австрали болон Сингапураас 270 орчим иргэнээ авахаар төлөвлөж байна” гэлээ.

 
Шууд үзэх: /2020.04.01/
https://www.facebook.com/588990477781350/videos/2461840567459852/