Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Санкт Петербург хотод нас барсан хүний тоо Оросын коронавирусийн тоо баримтыг эргэлзээтэй болгож байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын хоёр дахь том хот Санкт Петербургээс гаргасан иргэдийн нас баралтын статистик тоон мэдээлэл тус улсын коронавирусийн цар тахлын албан ёсны тоо баримт бодитой эсэхэд эргэлзээ үүсгэжээ.

Тус хотын захиргаа өнгөрсөн тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 1,552-оор илүү тоотой нас барсны гэрчилгээ олгосон байна.

Энэ нь ойролцоогоор 32 хувийн өсөлт гарсан гэсэн үг юм.

Гэтэл тавдугаар сард Санкт Петербург хотод ердөө 171 хүн Covid-19 өвчнөөр нас барсныг албаны тоо баримт харуулж байна.

Статистикчид болон анагаахын мэргэжилтнүүд коронавирусийн цар тахлын үед ердийн үеийнхээс 75 хувиар илүү хүн нас барж байгааг өмнө нь мэдээлж байжээ.

Эндээс баримжаалбал Санкт Петербург хотод албан ёсны тооноос гадна 1,000 орчим хүн Covid-19 өвчнөөр нас барсан байх магадлалтай байна.

Хотын захиргаа иргэдийн нас баралттай холбоотой статистик тоо баримтыг Лхагва гарагт нийтэд танилцуулсан юм.

ОХУ-д коронавирусийн цар тахлын нас баралтын хувь хэмжээ 1.2 байгаа. 

Харьцуулбал АНУ, Бразил улсуудад тус бүр 5.8 болон 5.6 хувь байгаа юм.

Европ тивийн хамгийн хүнд нэрвэгдсэн орнууд болох Франц улсад нийт халдварын тохиолдлын 15.4 хувь, Итали улсад 14.4 хувь нь нас бараад байна.

Оросын эрх баригчид тус улсын албан ёсны тоо баримтыг бодитой биш гэсэн сэжгийг байнга няцааж байгаа юм.  

ОХУ нь өнөөдөр батлагдсан халдварын тохиолдлын нийт тоогоор дэлхийд АНУ, Бразил улсуудын дараа бичигдэж байна. Харин өвчтөнүүдийн нас баралтын хувь харьцангуй бага байгаа юм.

Тус улсын статистикийн төв газар орон даяар өнгөрсөн дөрөвдүгээр сард хэдэн хүн нас барсныг харуулах тоо баримтаа зарлах хугацааг зургаадугаар сарын 15 хүртэл хойшлуулаад байна. Үүнийгээ хөл хорионы улмаас орон нутгийн статистикийн газрууд ажиллаагүйтэй холбон тайлбарлаж байна.

Санкт Петербург хотын захиргаа энэ оны тавдугаар сард 6,427 хүнд нас барсны гэрчилгээ олгосноо мэдээлсэн юм. Өнгөрсөн оны тавдугаар сард тус хотод үүнээс 1,552-оор цөөн хүн нас барж байжээ. Мөн энэ оны тавдугаар сарын тоо сүүлийн 10 жилийн хугацааны тавдугаар сарын дунджаас 1,400-өөр илүү гарсан байна.

Жил бүрийн өвлийн улиралд болон хаврын эхээр Санкт Петербургт иргэдийн нас баралтын тоо хамгийн өндөр байдаг ч 6,000 давсан тохиолдол цөөн болохыг статистик тоо баримт харуулжээ.

 

Эх сурвалж: The Guardian