Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Британи охины 13 жилийн өмнө сураггүй алга болсон хэргийн сэжигтнийг Германаас илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2007 онд Португальд эцэг эхийн хамт амарч байхдаа сураггүй алга болсон гурван настай Британи охины хэрэгт холбоотой сэжигтнийг Германы шоронгоос илрүүлснээ цагдаа нар Лхагва гарагт мэдэгджээ.

Сэжигтэн болсон 43 настай герман эрэгтэй одоо өөр хэргээр шоронд ял эдэлж байгааг Германы холбооны эрүүгийн цагдаагийн газар мэдээлсэн байна.

Тэрбээр өмнө нь бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт ял шийтгүүлж байжээ.

2007 оны тавдугаар сарын 3-ны өдөр буюу дөрвөн нас хүрэхээсээ хэдхэн хоногийн өмнө Мэделин Маккэн охин Португалийн Алгавре тосгон дахь гэр бүлийнхээ түрээсийн зуслангийн байранд дүү нарын хамт унтаж байхдаа алга болсон юм.

Энэ үед эцэг эх нь ойролцоо ресторанд найз нарын хамт хооллож байжээ.

Тэр цагаас хойш уг хэрэгтэй холбогдуулан ганц ч хүн ял шийтгүүлээгүй байгаа юм. Германы мөрдөн байцаагч Кристиан Хоппе хэргийг шалгах явцад сэжигтэн охины амийг хөнөөсөн байж болзошгүй баримтуудыг илрүүлснээ ZDF сувагт ярьжээ.

Сэжигтэн этгээд 1995-аас 2007 оны хооронд Португалийн Алгарве тосгонд оршин сууж, улирлын чанартай тогоочийн ажил голдуу хийдэг байсан гэнэ.

Үүнээс гадна тэр зочид буудал, амралтын газруудад нэвтрэн хулгай хийх, мансууруулах бодис зарах зэргээр амьдралаа залгуулж байжээ.

Маккэн охины хэрэгтэй холбоотой байж болзошгүй хоёр автомашин, хоёр утасны дугаарыг цагдаа нар илрүүлсэн байна.

Сэжигтэн охиныг алга болохоос цаг гаруйн өмнө хэн нэгэнтэй 30 минутын турш утсаар ярьсныг тогтоожээ.

Охины ээж Кэйт, эцэг Герри Маккэн нар “Бидний өнөөдрийг хүртэл хүсэж явсан зүйл бол үнэнийг мэдэж, гэмтнийг шийтгүүлэх байв. Мэделинийг эсэн мэнд олно гэсэн найдвараа бид алдаагүй байгаа. Гэхдээ ямар ч үр дүнд хүрсэн бид амар амгаланг олох болно” гэж мэдэгджээ.

Охин алга болсны дараа Португалийн цагдаа нар 14 сарын турш мөрдөөд юу ч илрүүлж чадалгүй 2008 онд ажиллагаагаа зогсоож байв. Тухайн үед эцэг эхийг нь сэжиглэж байсан ч сүүлдээ цагаатгажээ.

Дараа нь Британийн цагдаагийн газар 2013 онд хэргийг дахин шалгасан ч бас мухардсан юм.

Харин хэрэг гарснаас 10 жилийн дараа Британийн цагдаагийн газарт тухайн үед Алгарве тосгоны орчимд амьдарч байсан Германы иргэний тухай мэдээлэл иржээ.

Ингээд Британи, Португаль, Германы цагдаагийн байгууллагууд хамтран ажилласнаар сэжигтнийг олж илрүүлсэн байна. Британийн талын мөрдлөгийг ахалж байгаа Марк Кранвэлл хэргийг олон жил нуун дарагдуулж байсан хүн байвал зоригтойгоор гарч ирэх цаг болсныг олон нийтэд хандаж уриалжээ.

“Хэн нэгэн илүү ихийг мэдэж байх боломжтой. 13 жил өнгөрсөн тул тэр хүний бодол өнөөдөр өөрчлөгдсөн байх магадлалтай. Зарим хүмүүс гэмт хэрэгтнээс айгаад цагдаад ханддахгүй байх тохиолдол бий. Сэжигтэн шоронд байгаа тул айх хэрэггүй. Одоо ил гарах цаг нь болсон” гэж түүний мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалж: AFP