Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британи улс Дэлхийн вакцины чуулга уулзалтыг зохион байгуулж, ‘’Гави’’ вакцины холбоонд хөрөнгө босгожээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон зургаадугаар сарын 4-нд буюу өнөөдөр Дэлхийн Вакцины Чуулганыг даргалан дэлхийн удирдагчдийг нэг дор виртуаль орчинд цуглуулан ‘’Гави’’ вакцины холбоонд хөрөнгө босгов.

Тус хөрөнгөөр 300 сая хүүхдийг вакцинжуулан улаан бурхан, хижиг, саа зэрэг халдварт өвчнөөс хамгаална. Дэлхийн Вакцины Чуулганаар дор хаяж 7.4 тэрбум ам.долларыг  ‘’Гави’’ Вакцины Холбоонд зориулан босгож, ирэх таван жилд 8 сая хүний амийг аврах боломжтой юм.

Тус чуулганыг зохион байгуулж буй орны хувьд Их Британи улс урьдчилан сэргийлж болох өвчнөөр нас баралтыг бууруулах, коронавирусийн халдвар, тархацыг багасгах зэрэг асуудал дээр тэргүүлэн ажиллаж байна.

Тэр ч утгаараа дэлхий дахины коронавирусийн эсрэг санаачилгад зориулан Британи улс бусад орнуудтай хамтран 7.4 тэрбум еврог коронавирусын тест, эмчилгээ болон вирустэй тэмцэх ажилд зориулан босгосон аж. 

Халдварт өвчний тархац нь хил хязгааргүй бөгөөд коронавирусийн дэлхийн улс орнуудад үзүүлэх нөлөөг багасгах болон дахин ийм төрлийн халдвар гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс бид хамтран ажиллаж харилцан уялдаа холбоо бүхий хариу арга хэмжээтэй болох хэрэгтэй байна. Коронавирусийн вакцин гарсан тохиолдолд их хэмжээгээр үйлдвэрлэн бүх оронд тэр дундаа нэн шаардлагатай байгаа иргэдэд хүргэх ёстой. Вакцин амжилттай гарган авахад засгийн газар, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн байгууллагууд гээд бүгд хамтран зүтгэх хэрэгтэй болж байна.  

Британийн Засгийн газраас Оксфордын их сургууль болон Империал Коллежид 130 сая фунт стерлингийн тусламж үзүүлсэн бөгөөд тус сургуулиудын коррнавируст хийж буй  судалгаанд ахиц гаран клиникийн туршилтууд эхлээд буй. Оксфордын их сургуулийн клиникийн туршилт нь амжилттай болон вакцин гарган авбал эхний ээлжид 100 сая доз вакциныг үйлдвэрлэн гаргах хамтын ажиллагааны гэрээг AstraZeneca компанитай хийжээ. 

Вирус, цар тахлыг зогсоож олон сая хүний амь нас аврах ‘’Гави’’ Вакцины Холбооны ирэх таван жилийн төлөвлөгөөнд бүх улсын засгийн газрууд хувь нэмрээ оруулахыг Британийн засгийн газраас уриалж байна. 

Гави Вакцины Холбоо нь 2000 онд төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран байгуулсан  хөгжиж буй орнуудын иргэд, хүүхдүүдийг дархлаажуулан амь насыг нь аврах зорилго бүхий холбоо юм. Гави нь хөгжиж буй орнуудын эрүүл мэнд, дархлаажуулалтын системийг сайжруулахад вакцин болон санхүүгийн тусламж үзүүлдэг ба НҮБ-н Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран вакциныг улс орнуудад таараадаг аж. 

 

Эх сурвалж: Британийн Элчин Сайдын Яам