Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын эсрэг суртал нэвтрүүлэг явуулахаа зогсоохыг Ким Жон Уны дүү Өмнөд Солонгосоос шаардав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хоёр улсын хилийг давуулж суртал нэвтрүүлгийн материал илгээхээ зогсоохгүй бол Өмнөд Солонгостой байгуулсан батлан хамгаалах гэрээгээ цуцална гэж Пёньяны эрх баригчид өнөөдөр сүрдүүлжээ.

Мэдэгдлийг Ким Жон Уны охин дүү Ким Ёо Жон гаргасныг Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг дамжуулсан байна.

Тус улсаас дүрвэж ирсэн хүмүүс болон хүний эрхийн төлөө тэмцэгчид хоёр Солонгосын хилийг давуулан Пёньяны дэглэмийн эсрэг агуулгатай суртал нэвтрүүлгийн материалуудыг агаарын бөмбөлөгт зүүн нисгэдэг.

“Ийм үйл ажиллагааг янз бүрийн аргаар зөвтгөж, үргэлжлүүлсээр байх юм бол Өмнөд Солонгосын эрх баригчид хатуу шийтгэл амсах болно” гэж Ким Ёо Жоны мэдэгдэлд өгүүлжээ.

Тэрбээр дүрвэгчдийг “нийгмийн хог шаар”, “эх орноосоо урван тэрслэгчид” гэж нэрлэсэн байна.

 
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун охин дүү Ким Ёо Жоны хамт

Хоёр Солонгос 2018 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг Пёньянд айлчлах үеэр батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байв.

Хилийн зөрчил мөргөлдөөнийг багасгах зорилгоор ийм гэрээ байгуулж байжээ.

Гэвч өнгөрсөн онд Ким Жон Ун, Дональд Трамп нар Вьетнамын нийслэл Ханойд уулзсаны дараа харилцаа муудаж, гэрээний ихэнх заалт хэрэгжээгүй юм.

Ким Ёо Жон мэдэгдэлдээ бас хоёр талын хамтран хэрэгжүүлж байгаа Кэсоны Аж үйлдвэрийн парк, Кумган уулын аялал жуулчлалын төслүүдийг бүрмөсөн зогсоохоор сүрдүүлжээ.

Пёньянаас ийм мэдэгдэл гарсны дараахан Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамнаас суртал нэвтрүүлэг явуулахаа зогсоохыг тэмцэгчдэд уриалсан байна. Тэдний хөөргөсөн зарим бөмбөлөг хил давж чадалгүй Өмнөд Солонгосын талд унаж, тэнд амьдардаг иргэдийн ахуй амьдралд муугаар нөлөөлж байна гэж тайлбарлажээ.

Ийм бөмбөлгүүдэд олон тооны зурагт хуудас, ухуулах бичгээс гадна Умард Солонгосын иргэдэд урамшуулал болгох зорилгоор нэг долларын дэвсгэртүүдийг хавсаргадаг байна.

 

Эх сурвалж: The Guardian