Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлах байранд байгаа 1,875 хүн сонгуульд саналаа хэрхэн өгөх талаарх шийдвэрийг УОК, СЕХ гаргана"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн бол өнөөдөр 21 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор манай улсад COVID-19-өөр өвчилсөн өвчтөнүүд хэд хоног эмчлүүлэн эдгэрч байгаа талаарх сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах хариултыг өгөв.

Тэрбээр "Дэлхий дахинд COVID-19-өөр халдварласан өвчтөнүүдийн эдгэрэлтийн дундаж хугацаа 21 хоног байна. Цөөн хэдэн улсад 14 хоноод эдгэрсэн өвчтөн бий. Зарим улсад 96-99 хоног эмчлэгдсэн ч тохиолдол байгаа.

Харин манай улсын эмчилгээний дундаж хоног нь ДЭМБ болон бусад оронтой адил түвшинд байна" гэсэн юм.

Үргэлжлүүлэн, гадаадад манай улсын 38 иргэн халдвар авснаас Шведэд буй нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бол бусдынх нь биеийн байдал хөнгөн бөгөөд гэрийн тусгаарлалтад байгааг хэлэв.

Харин сонгуулийн талаар "Бид үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг бүгдийг нь тусгаарласан. Одоогоор нийт 1,875 хүн тусгаарлалт, ажиглалтын байранд байна.

Тэдгээр хүнийг сонгуульд саналаа хэрхэн өгөх талаарх зөвлөмж, шийдвэрийг УОК болон Сонгуулийн ерөнхий хороо гаргана" хэмээн хариулав.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/183630669673261/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.