Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

СУРВАЛЖИЛГА: Дуураймал “Эрдэнэт” хивсийг “Нарантуул” зах дээр ГУРАВ ДАХИН ХЯМД үнээр худалдаж байжээ

ikon.mn
2020 оны 6 сарын 5
IKON.MN
Зураг зураг

Манай улсад оюуны өмчийн зөрчилтэй, дуураймал бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах нь түгээмэл үзэгдэл болоод удаж буй. Хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, зах зээлд байр сууриа олсон барааг зарим хувь хүн, аж ахуйн нэгжүүд дуурайлган үйлдвэрлэдэг. Эсвэл дуурайлган үйлдвэрлэсэн хувилбарыг гаднын орноос импортлон оруулж ирээд худалддаг. Иргэдийн хувьд энгийн гэмээр үзэгдэл ч  угтаа энэ нь оюуны өмчийн ноцтой зөрчилд тооцогддог.

Тэгвэл Оюуны өмчийн газарт өнгөрөгч тавдугаар сарын эхээр “Эрдэнэт” хивсийг дуурайлган үйлдвэрлэж, хямд үнээр худалдан борлуулж байна гэх гомдол иржээ. Гомдлын дагуу хяналт, шалгалт хийхэд “Нарантуул” худалдааны төв дээр “Эрдэнэт” хивсийн дахин давтагдашгүй хээ хуар, өнгө дизайныг дуурайлган үйлдвэрлэсэн хивснүүдийг хоёроос гурав дахин хямд үнээр худалдаж байжээ.

 

Иймд Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр Зөрчлийн хэрэг нээн шалгаж, дээрх зөрчил бүхий бараа, бүтээгдэхүүнүүдийг албадан хураасан байна. Биднийг Оюуны өмчийн газар хүрэлцэн ирэхэд мөнөөх дуураймал “Эрдэнэт” хивснүүдийг агуулахад хураан хадгалсан байлаа.

Жинхэнэ “Эрдэнэт” хивс нь цэвэр ноосоор хийгддэг бол эдгээр хивс, хивсэнцрүүдийг синтетик материалаар дуурайлган үйлдвэрлэсэн байсан гэнэ. Харин бараагаа хураалгасан Нарантуулын худалдаачид хэлснээр эдгээр хивснүүдийг Эрээнээс олноор нь захиалж авчраад худалддаг байжээ. Тодруулбал, Эрээн хотод байршилтай нэр бүхий хивсний үйлдвэр нь захиалагчдад каталог үзүүлж, дуураймал хивс, хивсэнцрүүдийг өнгө загварын сонголттойгоор нийлүүлдэг аж.

 

Иймд зарим худалдаачид зохиогчийн эрхийн зөрчилтэй бараа татсанаа өөрсдөө ч мэдээгүй байдаг гэнэ. Тиймээс оюуны өмчийн тухай мэдлэг, мэдээлэлтэй болох нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэн шаардлагатай асуудал болоод буйг албаныхан онцолж байлаа.

Оюуны өмчийн газрын агуулахад дуураймал “Эрдэнэт” хивснээс гадна анхаарал татах олон бараа, бүтээгдэхүүн хураалгаатай байв. Тэд төлөвлөгөөт болон гомдлын дагуух хяналт, шалгалтын үеэр эдгээр барааг албадан хураажээ.

Тухайлбал, зохиогчийн эрхийг ноцтой зөрчсөн дуу хөгжмийн болон уран сайхны киноны хуулбар бичлэгүүд байна. Эдгээрийг CD-нд бичиж, савласан байх бөгөөд ширхгийг нь 1500-2000 төгрөгөөр зардаг аж. Оюуны өмчийн газрын хяналтын байцаагчид эдгээр зөрчлийг “Нарантуул” худалдааны төвөөс илрүүлж, 3 мянга орчим CD-г хураасан байлаа.

 
 

Мөн хүмүүсийн идэх дуртай “Коровка” печень, “Алёнка” шоколадууд хайрцаг, хайрцгаараа байгаа нь анхаарал татна. Эдгээр нь хүнсний бүтээгдэхүүний чанарын хувьд зөрчилгүй ч гаднах сав баглаа боодол нь оюуны өмчийн зөрчилтэй учраас ийн албадан хураагдсан байна. Нэр бүхий томоохон томоохон сүлжээ дэлгүүрүүдээс ч  ийм зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хураан авчээ.

 
 
 

Энэ бүх бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад дуурайлган үйлдвэрлээгүй, гаднын орноос импортлон оруулж ирсэн ч нэгэнт оюуны өмчийн зөрчилтэй тул албадан хураадаг ажээ.

Ийнхүү оюуны өмчийн зөрчил бүхий бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулах үзэгдлийн талаар Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргилтой ярилцлаа.

-ОЮУНЫ ӨМЧИЙН ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА ХЭМЭЭН ХУРААХАД ХУДАЛДААЧИД ОЙЛГОДОГГҮЙ-

-Дуураймал “Эрдэнэт” хивсийг “Нарантуул” худалдааны төв дээр борлуулж байна гэх гомдлыг анх хаанаас ирүүлсэн бэ?

-“Эрдэнэт” хивсийг үйлдвэрлэдэг “Натурал текстайл групп” ХХК гомдол ирүүлсэн. Уг компанийн дизайнерын баг хивсний зураг, дизайныг гаргаж, түүнийгээ Оюуны өмчийн газар бүртгүүлсэн байдаг. “Эрдэнэт хивс”-ний албан ёсны борлуулалтын цэг “Нарантуул” худалдааны төв дээр ажилладаг шүү дээ. Ийм учраас дуураймал хивс худалдаж буй лангуунуудтай нэг дор үйл ажиллагаа явуулж байсан гэсэн үг. Ингээд бидэнд гомдол ирүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэйгөөр 2002000208 дугаартай зөрчлийн хэрэг нээж, тавдугаар сарын 8-10-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийсэн. Ингээд 30 орчим дуураймал хивсийг албадан хурааж авсан.

-Оюуны өмчийн зөрчил нь “Барааны тэмдгийн”, “Зохиогчийн эрхийн” гэхчлэн ялгаатай байдаг шүү дээ. Үүн дээр ямар зөрчлийн ямар хэлбэр яригдах вэ?

-Энэ бол зохиогчийн эрхийн зөрчил. Хивс бүр дээрх хээ хуар, уран зураг бол тухайн уран бүтээлчийн оюуны бүтээл шүү дээ. Үүнийг нь өөр хүн зөвшөөрөлгүйгээр авч, ашигласан гэсэн үг.

 

-Үнийн хувьд ямар ялгаатай зарагдаж байсан бэ?

-“Эрдэнэт” хивс цэвэр ноосоор үйлдвэрлэгддэг бол зөрчил бүхий энэ хивс, хивсэнцрүүд синтетик материалаар хийгдсэн байсан. Яг адил хэмжээтэй хивснүүдийн тухайд гурав дахин хямд зарагдаж байсан. Иргэдийн хувьд аль болох хямдад нь татагдаж, оюуны өмчийн зөрчилтэй бараа худалдан авах нь элбэг. Гэтэл нөгөө талд хивсийг албан ёсоор үйлдвэрлэдэг компанид хохиролтой.

-Зөрчил бүхий бараа, бүтээгдэхүүнийг ийн албадан хураахад хэр их эсэргүүцэлтэй тулгардаг вэ?

-Маш их эсэргүүцэлтэй тулгардаг. Оюуны өмчийн зөрчилтэй байна гээд хураах гэхээр худалдаачид ихэвчлэн ойлгодоггүй. Оюуны өмчийн тухай ойлголт, мэдэгдэхүүн байхгүйгээс ийм асуудал маш их гардаг.

-30 гаруй дуураймал хивсийг хурааж авснаар энэ зөрчлийг бүрэн таслан зогсоосон гэж хэлж болох уу?

-Тэгж хэлж чадахгүй. Бидний хувьд лангуун дээр ил зарагдаж байсан хивснүүдийг хурааж авсан. Харин худалдаачид гэртээ болон контейнертээ олноор нь хурааж, хадгалсан байх магадлалтай. Уг нь “Нарантуул” худалдааны төвийн байцаагчид гэж байдаг ч бидэнд худалдаачдын контейнерийг зааж өгдөггүй. Худалдаачид өөрсдөө мэдээж контейнерт байгаа ч гэж хэлэхгүй шүү дээ. Иймд одоо дахин зөрчил бүхий хивснүүдийг худалдаалж байхыг үгүйсгэхгүй. Зөрчлийн хэрэг нээн, шалгагдаж байгаа учраас бид дахин хяналт, шалгалт явуулна. “Нарантуул” худалдааны төвөөс өөр газруудаар ч явна.

 -Ийм зөрчилтэй бараа худалдан борлуулсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Зохиогчийн эрхийн зөрчилтэй бараа худалдсан хувь хүнийг 500 мянган төгрөгөөр, албан байгууллагыг 5 сая төгрөгөөр торгоно.

 

-Одоогоор “Нарантуул” дээрх худалдаачдад хивсийг нь хурааж авснаас өөрөөр хариуцлага тооцсон уу?

-Тэднээс мэдүүлэг авсан. Мэдүүлэгтээ “Эрээнээс оруулж ирсэн. Тэнд бүр каталог үзүүлж, захиалга авдаг. Ингэж захиалаад оруулж ирдэг” гэж ярьсан. Тэд хувь хүнд хамаарах учир 500 мянган төгрөгөөр торгуулна. Харин цаашлаад бид БНХАУ-ын Оюуны өмчийн газарт гомдол гаргахаар бэлтгэж байна.

-ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ СУЛ БАЙДАГ-

-Агуулахад хүнсний бүтээгдэхүүнүүдийг албадан хураасан байна. Эдгээрийг хадгалах хугацаа нь дууссан, хүнсний стандартын шаардлага хангаагүй гэх зэрэг шалтгаанаар бус, оюуны өмчийн зөрчилтэй гэж хураасан нь сонирхолтой сонсогдож байна?

-Тийм шүү. Бид “хулхи” бараа гэж ярьдаг шүү дээ. Яг үүн шиг гаднах байдлаас нь дуурайлган үйлдвэрлэсэн ийм хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэчнээн эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй байлаа ч хурааж авах ёстой. Компаниуд өөрсдийн бараа, бүтээгдэхүүний нэр, логог холбогдох оюуны өмчийн байгууллагадаа бүртгүүлсэн байдаг. Харин үүнийг нь дуурайлган үйлдвэрлэсэн тохиолдолд бид “барааны тэмдгийн” зөрчилд тооцон, хурааж авдаг.

-Хэрэглэгчид нь тогтсон нэр бүхий томоохон сүлжээ дэлгүүрүүдээс ч хураасан байсан. Ийм дэлгүүрээс албадан хураахад ямар нэг асуудал үүсдэг үү?

-Иймэрхүү том сүлжээ дэлгүүрүүд оюуны өмчийн ойлголт харьцангуй сайтай байдаг учир асуудал үүсгэх нь бага. Хэрвээ санал зөрөлдвөл шүүхэд хандах эрхтэй. Зарим газрууд хураалгасан бараагаа зохиогчийн эрхийн зөрчилгүй хэмээж шүүхэд хандсан нь бий. Одоо ч шүүхийн процесс нь дуусаагүй дуураймал чихрийн хэдэн хэргүүд байгаа. Харин нэгэнт зөрчилтэй нь тогтоогдвол  хураасан бараа, бүтээгдэхүүнүүдийг Нийслэлийн ЗДТГ-ын дэргэдэх Устгалын комисст шилжүүлэн өгнө. Тэд устгах уу, улсын орлого болгох уу гэдгийг шийддэг.

 

-Хувь хүмүүс бараагаа оюуны өмчийн зөрчилтэй гэдгийг нь мэдэлгүйгээр оруулж ирээд худалдаж байх нь элбэг. Шалгалт хийх үед л сая зөрчилтэй байж гэж мэдсэн тэдгээр хүмүүс 500 мянган төгрөгөөр торгуулдаг гэсэн үг үү?

-Тийм. Мэдэхгүй байна гэдэг нь хуулийн хариуцлага хүлээлгэхгүй байх ямар нэг үндэслэл болохгүй. Тухайн хүн бизнес эрхлэх гэж л байгаа бол эрх зүйн орчноо судлах хэрэгтэй. Хаанаас, ямар уг гаралтай бүтээгдэхүүн татаж, худалдах гэж байна вэ гэдгээ эхэлж мэдэх хэрэгтэй байх нь. Ер нь бол жижиг дунд бизнес эрхлэгч хувь хүмүүст оюуны өмчийн тухай ойлголт маш сул байдаг.

-Монгол Улсад худалдан борлуулж буй хувь хүн, албан байгууллагыг торгож, барааг нь хурааж хариуцлага тооцдог юм байна. Харин яг зөрчлийг анхлан үйлдэж, дуурайлган үйлдвэрлэсэн газар нь тусдаа, хилийн гадна байгаа шүү дээ. Энэ тал дээр хэрхэн ажилладаг юм бэ?

-Дуураймал “Эрдэнэт” хивсний асуудал дээр бол БНХАУ-ын Оюуны өмчийн газарт хандаж, ийм зөрчил гаргуулахгүй байх тал дээр анхаарах хүсэлт хүргүүлнэ. Бид зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр л хяналт, шалгалт хийх эрхтэй. Иймд тухайн улсын оюуны өмчийн байгууллагатай холбогдож ажиллах болдог.

Процессийн хувьд хоёр ялгаатай л даа. Томоохон импортлогч компаниуд бол цаад компанидаа, “Танай бараанууд оюуны өмчийн зөрчилтэй байна. Иймд энэ зөрчлөө арилгахгүй бол бид худалдаж авахаа болино” гэж мэдэгддэг. Ийм маягаар зөрчил шийдэгддэг. Харин дуураймал хивс худалдаж буй худалдаачид шиг иргэд, хувь хүмүүсийн тухайд цаад талдаа ингэж хандаад ямар ч нэмэргүй шүү дээ. Иймд бид тухайн улсын оюуны өмчийн байгууллагад хандах хэрэгтэй болдог гэсэн үг.

–“Натурал текстайл групп” ХХК-ийн хувьд хивсний дизайнаа Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн байсан учир гомдол гаргажээ. Харин бүртгүүлж амжаагүй хувь хүн, албан байгууллага ийм асуудалтай тулгарлаа гэхэд хэрхэн шийдвэрлэх вэ. Оюуны өмчийн газарт гомдол гаргаж болох уу?

-Үүнд хоёр ялгаатай асуудал тавигддаг. Хэрэв зохиогчийн эрхийн зөрчил яригдаж байгаа бол Оюуны өмчийн газарт бүртгүүлсэн эсэхээс үл хамааран хяналт шалгалтыг явуулах болно. Харин бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн зөрчил яригдаж байгаа бол, заавал Оюуны өмчийн газар бүртгүүлсэн байх ёстой. Бүртгүүлсэн бол бид хяналт шалгалтыг хийнэ.

Ялгааг нь автомашинаар жишээ авч тайлбарлая. Тухайн автомашины “Prius 20”, “Prius 30” гэхчлэн гаднах загварыг бүтээгдэхүүний загвар гэж үзнэ. Харин “Toyota” гэсэн лого нь барааны тэмдэг болно. Автомашины хөдөлгүүр, программ хангамж зэрэг нь зохиогчийн эрх болдог.


Иргэд, олон нийтийн хувьд өөрсдийн амьжиргааны түвшинд тааруулж, зах зээл дээрх бараа, бүтээгдэхүүнээс чөлөөт сонголтоо хийдэг. Харин жижиг, дунд бизнес эрхлэгч хувь хүмүүс яг ямар барааг оруулж ирэн худалдах гэж байна вэ гэдгээ сайтар судлах хэрэгтэй юм байна. Бараанууд тухайн орондоо үйлдвэрлэгдэхдээ зохиогчийн эрх зөрчсөн бол энд албадан хураалгах, 500 мянгаас 5 сая хүртэлх төгрөгөөр торгуулах эрсдэлтэй. Иймд бизнес эрхлэхээсээ өмнө Оюуны өмчийн газарт хандан зөвлөгөө авах, бүр боломжгүй бол тус газрын албан сайтаар дамжин хайлтын системээр нь оюуны өмчийн зөрчил бий эсэхийг шалгах боломжтой юм байна.

 

 

Эх сурвалж: eguur.mn, М.Тэнгис

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН