Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани дээрэм тонуулын үеэр хулгайлагдсан iPhone-уудаа нэхэж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Жорж Флоидын аллагатай холбоотой АНУ даяар дэгдсэн үймээн самууны үеэр Apple компанийн Нью Йорк, Филадельфи, Вашингтон зэрэг хэд хэдэн хот дахь дэлгүүрүүд халдлагад өртжээ.

Дэлгүүрийн үзүүлэнд ашиглагдаж байгаад хулгайлагдсан iPhone гар утаснуудыг тус компани алсаас ажиллагаагүй болгож, буцааж өгөхийг шаардсан мэдэгдлийг дэлгэцэнд харуулж эхэлсэн байна.

Хулгайн iPhone хэрэглэж буй зарим хүмүүс Apple-аас ирсэн мэдэгдлийг сошиал сүлжээнд хуваалцжээ.

 

Тухайлбал Филадельфи хотоос хулгайлагдсан нэг гар утсанд “Apple Walnut Street дэлгүүрт буцааж өгнө үү. Уг төхөөрөмжийн ажиллагааг зогсоож, байрлалыг нь мөрдөж байна. Орон нутгийн эрх баригчдад мэдээлэх болно” гэсэн агуулгатай мэдэгдэл ирсэн байна.

Apple компани дэлгүүрүүдийн үзүүлэнд ашигладаг iPhone гар утаснууддаа тусгай программ суулгасан байдаг ажээ. Уг программын тусламжтайгаар хулгайлагдсан тохиолдолд буцааж олж авдаг байна. Харин хүмүүст худалдсан шинэ iPhone-уудад ийм програм суулгадаггүй гэнэ.

Коронавирусийн цар тахлын улмаас хэсэг хугацаанд Apple-ийн дэлгүүрүүд хаагдсаны дараа өнгөрсөн сараас эхлэн нээгдсэн юм. Харин өнгөрсөн долоо хоногт эхэлсэн арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцлийн улмаас зарим дэлгүүрүүдээ дахин хаагаад байгаа ажээ.

 

Эх сурвалж: CNN