Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сарын өмнө хулгайлагдсан Мексикийн парламентын эмэгтэй гишүүний цогцос олджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сар гаруйн өмнө зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдсан Мексик улсын парламентын гишүүн эмэгтэйн цогцос өчигдөр олдсон байна.

Тус улсын баруун Колима мужаас сонгогдсон 38 настай Анел Буэно дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Номхон далайн эргийн Икстлахуакан хотод ажиллаж байхдаа хулгайлагдсан юм. Энэ бүс нутагт хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, аллагын тоо хэмжээгээр Мексикт тэргүүлдэг.

Тус улсын ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа нам нэгтэй улстөрч Буэногийн аллагын сэжигтнийг баривчлан шалгаж байгаагаа мэдэгджээ.

Парламентын гишүүн хулгайлагдсан Икстлахуакан хот нь Мексик улсад хүн амины хэргийн тоогоор тэргүүлдэг Текоман хотоос хэдхэн километрийн зайтай оршдог.

2017 онд Текоман хотод 100,000 хүн тутамд 172.5 аллага бүртгэгдсэн нь дайныг үеийг санагдуулам өндөр үзүүлэлт байжээ. 

Өнгөрсөн онд тус хотын орчмоос хар тамхины гэмт бүлэглэлүүдийн гарт алагдсан хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан 100 гаруй нууц булш олдож байв.

Анел Буэногийн сонгогдсон Колима муж нь АНУ-ын төрийн департментаас иргэдэдээ зорчихгүй байхыг анхааруулсан Мексикийн таван мужийн нэг юм.

Буэно хулгайлагдах үедээ Covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian