Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жорж Флоидын аллагад холбоотой гурван цагдаагийн албан хаагчид нэмж эрүүгийн хэрэг үүсгэжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын Миннесота мужийн прокурорууд Жорж Флоидын амийг хөнөөсөн цагдаагийн ажилтан Дерек Човинд тулгасан ялаа нэмэгдүүлж, түүнд тусалсан бусад гурван цагдаад шинээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тавдугаар сарын 25-ны өдөр 46 настай Жорж Флоидыг хуурамч $20-ын дэвсгэртээр тамхи худалдаж авах гэсэн хэрэгт сэжиглэн баривчилсан юм.

Энэ үеэр Дерек Човин түүний гарыг гавлаж, газарт хэвтүүлэн хүзүүн дээр нь өвдөглөх үеэр амьсгал нь боогдож нас барсан байна.

Өмнө нь прокурорууд Човинд гуравдугаар зэргийн хүн амины хэрэг үүсгээд байсан бол өчигдөр хоёрдугаар зэрэг болгон ахиулжээ.

Миннесота мужийн хуулиар гуравдугаар зэргийн аллагад санаандгүй тохиолдлоор хүний амь хөнөөсөн хэргийг тооцдог. Харин хоёрдугаар зэрэгт урьдчилан төлөвлөөгүй боловч тухайн нөхцөлд гэнэтийн шийдвэр гаргаж, санаатай хүний амь хөнөөсөн хэрэг тооцогддог юм.

Нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт урьдчилан төлөвлөж, бэлдсэн санаатай аллагыг тооцдог байна.

“Жорж Флоидын амь нас үнэ цэнэтэй. Бид шударга ёсыг тогтоохын төлөө ажиллах болно” гэж Миннесота мужийн ерөнхий прокурор Кэйт Эллисон өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Флоидын гэр бүлийн өмгөөлөгч Бенжамин Крамп “Энэ бол шударга ёсыг тогтоох чиглэлд гарсан томоохон алхам. Талийгаачийн шарилыг оршуулахаас өмнө ийм чухал шийдвэр гарсанд бид талархаж байна” гэж мэдэгдсэн байна. 

Үүнээс гадна Флоидын амийг хөнөөх үед хэргийн газарт байсан гурван цагдаагийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдэхэд тусалж, дэмжсэн гэж буруутгаад шинээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Мягмар гарагт Миннесота мужийн захиргаа Миннеаполис хотын цагдаагийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь шалгаж эхэлсэн байна.

Өчигдөр Вашингтон хотод АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер үг хэлэхдээ Америкийн хотуудад гарсан тэмцлийг зогсоохын тулд зэвсэгт хүчнийг ашиглахыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ.

Энэ нь ерөнхийлөгч Дональд Трампын хийж байсан мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм. Пентагоны төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр Эспер “зэвсэгт хүчнийг дайчлах нь зөвхөн онц ноцтой тохиолдолд авах хамгийн эцсийн арга хэмжээ байх болно” гэж мэдэгджээ.

Пентагон 1,600 орчим цэргийн алба хаагчийг Мягмар гарагаас хойш Цагаан ордны орчимд байрлуулаад байгаа. Цэргүүд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч жагсаал тэмцлийг тараах ажиллагаанд одоогоор оролцоогүйг Пентагоны төлөөлөгч мэдэгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагаас Америкийн олон хотуудад эхэлсэн жагсаал цуглаанууд сүүлдээ эмх замбараагүй байдал, дээрэм тонуул болж хувирсан ч өнгөрсөн Мягмар гарагаас эхлэн ихэнх нь намжиж, тайван тэмцэлд шилжжээ.

 

Эх сурвалж: Associated Press