Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Япон улс PCR шинжилгээний сорьцыг шүлснээс авах шинэ технологи нэвтрүүлэхээр болсноо зарлалаа"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

АНУ

АНУ-д өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинэ коронавирусийн 14,700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 761 хүн уг өвчний улмаас нас баржээ.

Тус улсад нийт халдварын тохиолдол 1.8 саяд хүрсэн бөгөөд 105 мянга гаруй хүн эндсэн тухай АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс мэдээллээ.

Бразил

Бразил улсад өчигдөр шинээр 28,900 гаруй хүн халдвар авч, нийт халдвар авсан хүний тоо 555 мянга болжээ.

Харин нас баралт тус улсад өчигдөр 1,262 тохиолдлоор нэмэгдэж, нийт 31,199 хүн тус өвчний улмаас нас бараад байна.

Түүнээс гадна халдвар аваад эдгэрсэн 223 мянган хүн байгаа бол одоогийн байдлаар 300,000 хүн идэвхтэй халдвартай байгааг тус улсын Эрүүл мэндийн яамны халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэлд дурджээ.

ОХУ

ОХУ-д өчигдөр 8,000 гаруй тохиолдол, 182 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 423,700 болсон бол 183 мянган хүн эдгэрчээ.

БНЭУ

Энэтхэгийн Эрүүл мэнд, гэр бүлийн яамны мэдээлснээр тус улсад Мягмар гарагт 8,100 гаруй шинэ тохиолдол, 204 нас баралт бүртгэгдсэн байна.

Ингээд нийт бүртгэгдсэн халдварын тоо 198,700 гаруй болж, нийт 5,500  гаруй хүн эндээд байгаа бол 97 мянга гаруй хүн эдгэрчээ.

Харин 95 мянган хүн идэвхтэй халдвартай байгаа аж.

Энэтхэг улсад COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүдэд “Remdesivir” тарилгыг хэрэглэх зөвшөөрөл олгосон тухай тус яамны мэдээлэлд дурдсан байна.

БНХАУ

БНХАУ-ын Хубэй мужийн нийт оршин суугчдыг шинжилгээнд хамруулж дууссан байна.

Тавдугаар сарын 14-нөөс зургаадугаар сарын 1-ний өдрийн хооронд нийт 9.9 сая хүнийг шинжилгээнд хамруулахад батлагдсан тохиолдол илрээгүй аж.

Харин дээрх кампанит ажлын үеэр шинж тэмдэггүй 300 гаруй тохиолдлыг илрүүлжээ.

Мөн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конгт өчигдөр зургаан шинэ тохиолдол бүртгэгдсэний 4 нь худалдааны агуулахад ажилладаг эмэгтэйтэй тархвар зүйн хувьд холбоотой байна.

Тодруулбал, уг эмэгтэйгээс түүний нөхөр, хамт ажилладаг хоёр хүн болон эмнэлэгт хүргэсэн түргэн тусламжийн ажилтан нь халдвар авжээ.

Шинэ тохиолдол гарч байгаатай холбоотойгоор Хонг Конгийн засаг захиргаанаас зайнаас харилцах хязгаарлалтын арга хэмжээг мөрдүүлэх хугацааг 14 хоногоор дахин сунгав.

Япон

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдээлснээр зургаадугаар сарын 2-ны өдөр шинээр 37 тохиолдол бүртгэгджээ.

Үүний 36 нь дотоодын халдвар байна. Бүртгэгдсэн нийт халдварын тоо 16,930 болсон бол 14,600 хүн эдгэрсэн байна.

Мөн нийт 894 хүн нас баржээ.

Тус улсад PCR буюу полимеразын гинжин урвалын шинжилгээний сорьцыг шүлснээс авах шинэ технологи нэвтрүүлэх болсноо зарласан байна.

Одоогоор халдварыг илрүүлэхийн тулд таван зүйлээс сорьц авдаг. Үүний нэг нь хамрын хөндийгөөс авдаг сорьц бөгөөд ингэхэд өвчтөн найтаах, ханиах зэрэг байдал үүсгэдэг нь сорьц авч буй ажилтанд халдвар авах эрсдэл үүсгэдэг.

Мөн өвчтөнд энэ нь өвдөлт өгч, тааламжгүй мэдрэмж төрүүлдэг.

Харин амны хөндийн шүлснээс сорьц авах болсноор илүү хялбар бөгөөд богино хугацаанд хариу нь гарах давуу талтай юм байна.

БНСУ

БНСУ-д өчигдөр 49 тохиолдол, нэг нас баралт шинээр бүртгэгдлээ. Үүний 46 нь дотоодын халдвар байсан аж.

Мягмар гарагийн байдлаар Инчеон аймгийн сүмээс голомттой халдварын батлагдсан тохиолдол 45 боллоо гэж тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээнд дурджээ.

Одоогоор тус улсад нийт 273 нас баралт бүртгэгдээд байгаа бөгөөд нас баралтын хувь нь 2.33 байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/289403975426410/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.