Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын ерөнхийлөгч Covid-19 өвчнөөр хүмүүс нас барж байгаа нь “тэдний хувь тавилан юм” гэж хэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн хамгийн том улс Бразилд өчигдөр Covid-19 өвчний улмаас 1,262 хүн нас барсан нь нэг өдөрт хамгийн олноор амиа алдсан тохиолдол болжээ.

Ингэснээр тус улсад коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо нийтдээ 31,199 болсон юм. Энэ бол дэлхийд АНУ, Их Британи, Италийн дараа орох муу үзүүлэлт.

Өчигдрийн байдлаар Бразилд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо нийтдээ 555,383 хүрсэн нь дэлхийд зөвхөн АНУ-ын дараа орох үзүүлэлт юм.

Удахгүй тус улс нас барсан хүний тоогоор Итали улсыг (33,530) гүйцэх нь тодорхой болоод байна.

Гэвч Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару коронавирусийн цар тахлын аюулыг үл ойшоосон хэвээр байгаа юм. Тэрбээр өмнө нь Covid-19 өвчнийг “хамрын ханиад төдий зүйл” гэж тодорхойлж байсан бол өчигдөр ордныхоо гадаа өөрийн дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ “Нас барсан хүн бүрийн төлөө би гашуудаж байна. Гэхдээ бүх хүн өөр өөрийн хувь тавилантай шүү дээ” гэжээ.

Бразилын бүс нутгуудаас хамгийн олон хүн нас барсан нь Сан Пауло муж (8,000), Рио де Жанейро муж (5,686) байгаа юм.

Хэдийгээр ерөнхийлөгч нь тахлын аюулыг үл ойшоож байгаа ч тус улсын эрдэмтэд коронавирусийн халдвар цаашид улам нэмэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулж байна.

“Бидний төсөөлж чадах хамгийн аймшигтай хар дарсан зүүд шиг цаг үе урд хүлээж байна” гэж тус улсын анагаах ухааны мэргэжилтнүүдийн нэг Драузио Варелла өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярихдаа анхааруулжээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 1.8 саяыг давж, 106,000 гаруй хүн нас бараад байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

 

Эх сурвалж: The Guardian