Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19-ийн эсрэг санаачлагад хувийн хэвшлийнхнийг нэгдэхийг уриалж байна

ikon.mn
2020 оны 6 сарын 2
IKON.MN

Говийн эрин сангийн Ногоон Ханбогд, Эрүүл Ханбогд аян үргэлжилж байна


КОВИД-19 цар тахлын үеэр 50 орчим мянган иргэн ажилгүй болоод байна. Цаашид энэ хэвээр хөл хорио үргэлжилбэл 260 мянган хүн ажлын байраа алдах эрсдэл байгааг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар тогтоосон байдаг. Харин энэ үед Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй, Оюу Толгой компанийн ханган нийлүүлэгч Жавхлант Говь Инвестмент, Өлзийт Мөнх-Овоо зэрэг үндэсний аж ахуйн нэгжүүд нэгдэж “Говийн эрин сан”-г байгуулаад байна. Тус сан нь нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, хүнд хэцүү үеийг даван туулахад нь туслах, залуусын хөгжлийг урамшуулах, иргэддээ ээлтэй орчныг бий болгох зорилготой юм.

“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг шүү дээ. 

Говийн эрин сан нь 2020 оны дөрөвдүгээр сард байгуулагдсанаас хойш Ногоон Ханбогд, Эрүүл Ханбогд аяныг эхлүүлээд байна. Энэ жилийн хувьд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны асуудлуудад төвлөрч, дөрвөн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Тухайлбал:

  • Ногоон Ханбогд аяны хүрээнд аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг хашаандаа мод тарьж, иргэнд ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалж байна. Энэ хүрээнд Оюу Толгой компанийн дэмжлэгтэйгээр 100 орчим өрхөд 500 орчим суулгацыг үнэ төлбөргүй өгөөд байгаа юм. 4 сарын хугацаанд суулгацаа хамгийн амжилттай арчилж, ургуулсан 10 өрхийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгохоо зарлаад байна.
  • Эрүүл Ханбогд аян нь сумын иргэдийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэж байна. Аяны нээлт болгож, Чин Ван Импекс ХХК-ийн дэмжлэгтэйгээр “Витаминжуулалтын аян”-ыг зохион байгуулж, дархлаа дэмжих А, В, С витамины багцыг Ханбогд сумын иргэд болон Оюу Толгой компанийн ажилтнуудад тараагаад байна. Мөн амбулаториор үйлчлүүлэх боломжгүй өвчтөнүүдэд гэрээр буюу дуудлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх “Хөдөлгөөнт эмч” хөтөлбөрийг тун удахгүй хэрэгжүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.
  • Мөрөөдөлтэй Ханбогд аяны хүрээнд сумын сурагчдад зориулсан Англи хэлний иж бүрэн лаборатори байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд сумын хүүхэд дэлхийн иргэн болох эхний гишгүүр нь болно гэж Говийн Эрин Сангийн үүсгэн байгуулагчид үзэж байна.
  • Хоггүй Ханбогд аяны хүрээнд амьдрах орчноо цэвэр, аюулгүй байлгахад иргэдийг уриалж, нян бактер үржихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, халдваргүй орчныг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд төвлөрч байна.

Ханбогд сум төдийгүй, Өмнөговь болон бусад аймаг, Улаанбаатар хотын аж ахуйн нэгж та бүхэн бидний уриалгад нэгдэж, олон нийтэд дэмжлэг, тусламж хамгийн хэрэгцээтэй байгаа энэ үед нийгэмдээ хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

 
Витаминжуулалтын аяны хүрээнд 1000 орчим нутгийн иргэд, Оюу толгойн ажилчид витамины багц хүлээн авлаа
 
Ханбогд сумын иргэн Ногоон Ханбогд аяны хүрээнд суулгацаа авахаар хүлээж байгаа нь
 
Ногоон Ханбогд аянд оролцон туслаж буй нь
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.