Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Avatar 2” киноны багийнхан Шинэ Зеландад тусгай зөвшөөрлөөр нэвтэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын улмаас Шинэ Зеланд улс гадаад орнуудаас хүн хүлээж авахгүй байгаа.

Гуравдугаар сарын 16-наас хэрэгжсэн энэ хориг үр дүнгээ өгч өнөөдөр Шинэ Зеланд улс 1,500 хүрэхгүй халдварын тохиолдол, 22 эндэгдэлтэйгээр тахлын оргил үеийг даваад байна.

Тэгвэл Шинэ Зеландын засгийн газар “Avatar 2” киноны зургийг авах найруулагч Жэймс Камерон тэргүүтэй 55 хүний багийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хилээрээ нэвтрүүлжээ.

Тусгай үүргийн онгоцоор ирсэн уран бүтээлчид одоо нийслэл Веллингтоны төв дэх зочид буудалд 14 хоногийн хугацаатай тусгаарлагдсан байна. 

Шинэ Зеландын эдийн засгийн хөгжлийн сайд Фил Твайфорд кино уран бүтээлчдэд онцгойлон хилээр нэвтрэх зөвшөөрөл олгосон нь тус улсын иргэд, бизнес эрхлэгчдийг бухимдуулж, маргаан үүсгэжээ.

Олон компани өндөр ур чадвартай гадаад ажилчдаа Шинэ Зеландад ирүүлж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Бас кино багийнхан АНУ-ын цар тахлын нэг төв Лос Анжелес хотоос ирсэн нь тус улсад халдвар дахин дэгдээх эрсдэл үүсгэж байна гэж олон хүн шүүмжилжээ.

Зөвшөөрөл олгосон сайд Твайфорд шийдвэрээ зөвтгөсөн мэдэгдэлдээ “Шинэ Зеланд улсын хил хаалттай, нийтийн эрүүл мэнд засгийн газрын хамгийн чухал асуудал хэвээр байгаа. Дөрөвдүгээр сарын 21-нээс хойш би улс орны эдийн засагт ач холбогдолтой ажил эрхэлдэг 154 хүнд 22 удаагийн хүсэлтээр зөвшөөрөл олгосон. Тэдний дотор кино багийн 56 хүн багтаж байна” гэжээ. Тэр бас Шинэ Зеландад нэвтрэх хүсэлтүүдийн ердөө 10 хувьд зөвшөөрөл өгснөө мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian