Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын сайд хөвөнг хонины ноосоор хийдэг гэж яриад шоолуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Сингапур улсын худалдааны сайд Чан Чун Шин өнгөрсөн Бямба гарагт хэвлэлд ярилцлага өгөхдөө хөвөнг хаанаас бий болдогийг мэддэггүйгээ харуулж, иргэдэдээ шоолуулжээ.

Тэрбээр ярилцлагын үеэр Сингапур улс гадаад худалдаанаас хэр их хамааралтай байдгийг тайлбарлахдаа ийм алдаа гаргасан байна. Чан сайд амны хаалт үйлдвэрлэх түүхий эд тус улсад байдаггүй тул гадаадаас авах болдог тухай энэ үеэр жишээ татжээ.

“Сингапурт хонь байдаггүй тул бид хөвөн үйлдвэрлэх боломжгүй” гэж тэр ярьсан байна.

Сайдын ярьсныг тэр дор нь интернэт орчинд элэглэн шоолж эхэлжээ.

“Энэ ярилцлагыг үзсэн хүн бүрт, тэр тусмаа хүүхдүүдэд хэлэхэд хөвөнг ургамлаас гаргаж авдаг, харин хониноос гаргаж авдаггүй юм байна шүү” гэж сайд өөрөө сүүлд фэйсбүүк хуудсандаа залруулсан байна.

Чан Чун Ши сайд үе үе “буруу” ярьж, хэл аманд ордгоороо алдартай.

Хоёрдугаар сард тэр засгийн газрын хаалттай хуралдааны үеэр тахлын сургаар дэлгүүрийн лангууг хоосолж байгаа хүмүүсийг “тэнэгүүд” гэж тодорхойлсон нь илэрч, шүүмжлүүлж байжээ.

Сингапур улсад олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх хатуу журам хэрэгжиж байгаа. Энэ журмыг анх удаа зөрчсөн хүн $212 орчмоор торгуулдаг.

 

Гэвч халуун, чийглэг уур амьсгалтай Сингапурын иргэд сүүлийн үед амны хаалтыг нүүрний хаалтаар орлуулахыг шаардах болжээ. Сингапурын эрүүл мэндийн яам нүүрний хаалтыг амны хаалт шиг халдвараас бүрэн сэргийлж чадахгүй гэж дүгнээд зөвхөн 12-оос доош насны хүүхдүүдэд нүүрний хаалт зүүхийг зөвшөөрсөн байна.

 

Эх сурвалж: AFP