Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Америк, Европын орнуудад олон эрхтний хам шинжээр 300 гаруй хүүхэд өвчилж, дөрөв нь нас барсан

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 өвчний халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

Шууд үзэх:
https://www.facebook.com/iKonNews/videos/668637743693944/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 өвчин дэлхийн 216 улсад бүртгэгдэж, одоогийн байдлаар 6,358,000 хүн өвчилсөн. Үүнээс 2.9 сая нь эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 99 мянган хүн өвчилж, 2,000 хүн нас барсан. 

ОХУ-д өвчлөл нэмэгдэж, 9,000 гаруй хүн шинээр өвчилсөн. Тэр дундаа манай улстай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өчигдөр 39-299 халдвар нэмэгдлээ. Тиймээс Хөвсгөл, Увс, Дорнод аймгийн иргэд хил орчмоор сэлгүүцэхгүй байхыг хүсье" гэлээ. 

Түүнчлэн өчигдөр COVID-19-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинж өвчний талаар мэдээлжээ. Уг хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна. 

Үүний зэрэгцээ Бүгд найрамдах Конго улсад эбола вирусийн халдварын дэгдэлт гарч, есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Тус улсад коронавирусийн болон эбола вирусийн халдвар дэгдэж байгаа нь эрүүл мэндийн тогтолцоонд нь хүндхэн сорилт болж байгаа аж. 

"Манай улсын хувьд өчигдөр 119 тусгай дугаарт 187 дуудлага иржээ. Дуудлагын нэлээд хэсэг нь дэлгүүрийн худалдагч нар амны хаалтаа тогтмол зүүхгүй байгаа тухай шүүмжлэл ирсэн байна. Тиймээс дэлгүүрийн худалдагч нар амны хаалт зүүж, бээлий өмсөнө үү. Мөн хүний гар хүрч, хүнсэнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг гялгар уутаар бүтээж байхыг хүсье" хэмээн ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.