Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн иргэд, бизнесмэнүүдийг АНУ-д хүлээж авах боломжийг судалж байгаагаа Помпео мэдэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хятад улс үндэсний аюулгүй байдлын хуулийг баталж, Хонг Конгийн бие даасан статусыг устгах болсны хариуд АНУ тус хотын иргэдийг хүлээж авах боломжийг судалж байгааг төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр мэдэгджээ.

Өчигдөр бас Бүгд Найрамдах намын нөлөө бүхий сенатор Мич Макконнел ийм аргаар Хонг Конгийн иргэдэд АНУ хаалгаа нээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Хонг Конгийг колоничолж байсан Их Британи улс тус хотын тусгай паспорт эзэмшигч 3 сая орчим иргэний визний хугацааг уртасгаж, иргэний харьяалал хүсэх замыг нээх болсноо зарласан юм.

Майк Помпео өчигдөр энэ талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид энэ боломжийг судалж байна. Гэхдээ яг яаж хэрэгжүүлэх арга замыг би одоохондоо мэдэхгүй байна. Британийн хувьд Хонг Конгтой биднээс огт өөр харилцаатайг та бүхэн мэдэж байгаа. Нэгдсэн Вант Улс, Хонг Конгийн хооронд урт түүхэн харилцаа бий. Гэхдээ бид энэ талаар судалж байна” гэж хариулжээ.

Өчигдөр сенатад хандаж үг хэлэхдээ Мич Макконнел “АНУ-ын хувьд дайн, коммунизмаас зугтсан хүмүүст авралын гэрэлт цамхаг болж ирсэн баялаг уламжлалтай. Бид үүнийгээ Хонг Конгчуудад дахин хэрэгжүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

 

Эх сурвалж: Reuters