Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Японы Китакюшю хотод бүртгэгдсэн COVID-19-ийн 97 тохиолдлын 34-ийнх нь зам мөр тогтоогдоогүй байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19 халдварын тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр тус улсад өчигдөр 23,500 гаруй шинэ халдвар, 915 нас баралт тус, тус бүртгэгджээ.

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 16 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр тус улсын нийт батлагдсан тохиолдлын тоо 515 мянга орчим болоод байна.

Мөн өдөр 480 хүн уг өвчний улмаас нас барж, тус улсын хэмжээнд нийт эндэгдлийн тоо 29 мянга гаруйд хүрчээ.

Халдвар анх бүртгэгдсэнээс хойш өвчилж, эдгэрсэн хүний тоо 206 мянга гаруй болсон бол одоогоор 279 мянган хүн идэвхтэй халдвартай байна.

Сан-Паоло зэрэг хотод халдвар өндөр байгаа ч халдварын түвшинг бодит хүн амын тоотой харьцуулахад, тус улсын хойд болон зүүн хойд мужуудад халдварын тохиолдол илүү өндөр байгаа аж.

Тэдгээр мужуудын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болсон байна.

АНУ-ын зүгээс Бразил улсад тусламж болгон хумхаагийн эмчилгээний Hydroxychloroquine эмээс хоёр сая тунг илгээжээ.

Эмийг халдвар авсан өвчтөнүүд болон эрүүл мэндийн ажилтнуудыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх юм байна.

Мөн уг эмээр хоёр улсын хамтарсан эмнэл зүйн судалгааг эхлүүлжээ.

БНЭУ

БНЭУ-ын Эрүүл мэнд, гэр бүлийн яамны мэдээлснээр тус улсад өчигдөр шинээр 8,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 182 мянгад хүрчээ.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д шинээр 35 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн байна.

Дээрх тохиолдлуудын 30 нь дотоодын халдвар бөгөөд дийлэнх нь цахим худалдааны төвийн ложистик төвтэй холбоотой аж.

Тухайн голомтоос одоогийн байдлаар нийт 111 тохиолдол батлагдаад байгаа бол шөнийн клубийн голомтоос нийт 270 тохиолдол батлагдаад байгаа юм.

Япон

Япон улсын хувьд, Ням гарагийн байдлаар Токио хотод таван шинэ тохиолдол бүртгэгдсэн бол Китакюшю хотод шинээр 12 тохиолдол батлагджээ.

Тус хотын шинэ тохиолдлуудын дөрөв нь бага сургуулийн сурагчид байсан байна.

Сүүлийн есөн өдрийн дотор Китакюшю хотод 97 хүн шинээр халдвар авсан нь батлагдаад байгаа бөгөөд үүний 34-ийнх нь халдварын зам мөрийг тогтоож чадаагүй байна.

Бага, дунд сургуулийн сурагчдын дунд халдвар гарсантай холбоотойгоор хотын зарим сургуулийн үйл ажиллагааг хаажээ.

Халдварыг богино хугацаанд илрүүлэх зорилгоор тус хот хүн амынхаа дунд коронавирусийн антиген илрүүлэх шинжилгээг хийхээр болсон байна.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр 16 шинэ тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 83,017 болсон талаар БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Сингапур

Сингапур улсад шинээр 518 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 34,800 болсон байна. Тэдгээрийн дийлэнх нь гадаадын цагаач ажилчдын дотуур байрны голомтоос халдвараас гарсан байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/253744819037454/?v=253744819037454

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.