2020/07/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
17°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
B30
УЛААНБААТАР
19°
|
10°
12:00
S32
24°
13:00
S32
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S26
25°
18:00
S30
24°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S31
17°
23:00
S31
15°

Ц.Наранханд: Ээжүүд бид ирээдүйн аавуудыг, эр нөхрүүдийг хүмүүжүүлж байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг

“Эх үрийн судар”, “Үрийг хүмүүжүүлэх судар” номоороо уншигч биднийхээ оюуныг мялаасан “Монгол Ээж” ТББ-ыг үүсгэн байгуулагч, соёл судлаач Ц.Наранханд дахин хоёр номоо уншигчдын хүртээл болголоо. Тэрбээр “Интерном” номын эх дэлгүүрт ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хүрээнд “Байх гал”, “Эхнэр хүмүүний хөтөч дэвтэр” номуудаа өлгийдөн авч, номын хуримаа хийв.

Соёл судлаач Ц.Наранханд номын нээлтээ хийж хэлсэнд үгэндээ “Номын нээлтэд хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Миний хувьд анх удаа номын нээлт хийж байгаа. Сүүлийн 12 жилийн турш соёл судлалын чиглэлээр ажилласан. “Эх үрийн судар” номоо 2014 онд, “Үрийг хүмүүжүүлэх судар” номоо 2017 онд гаргаж байсан бол 2020 онд гурван номоо олны хүртээл болгох гэж байгаадаа баяртай байна. Энэ номууд миний өөрийн зохиогоод бичсэн бүтээл биш. Энэ бол Монголчууд та бидний бүгдийнх нь эцэг өвгөдийн таньж мэдсэн, нээсэн ухаан юм шүү. Монголчууд үргэлж жам ёсонд нийцтэй амьдралаар хичээж ирсэн.

Судрууд сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд бичигдсэн, судлагдсан. Өнөөдрийн онцолж байгаа ном маань “Эхнэр хүний хөтөч дэвтэр". Энэ судар эмэгтэй хүн гэж хэн болох, эмэгтэй хүн гэрийн түшиг байхдаа ямар боловсролыг, ямар мэдвэл зохих мэдлэгийг авсан байх ёстой юм. Нөхөртэйгээ яаж харилцдаг юм. Тэр битгий хэл ураг удмын өмнө ямар хариуцлага хүлээдэг зэрэг бүхий л мэдээлийг оруулах гэж хичээсэн.

Бид уламжлалаа мэдэхгүйгээр урагшлах боломжгүй. Тиймээс бид нар улс үндэстнийхээ сэтгэлгээг хадгалж, сэтгэлгээний дархлаагаа цаашдаа авч явахын тулд эхлээд өөрсдөө суралцах ёстой.

Уламжлал, соёл судлалын чиглэлээр бүхэл бүтэн хүний амьдралын тойрогтой холбоотой таван судар ерөнхийдөө дуусч байна. Одоо өсвөр насны охид хөвгүүдэд зориулсан "Охид хөвгүүдийн судар" ирэх сард нээлтээ хийнэ” хэмээв.

Номын зохиолч Ц.Наранханд энэ жилийн хувьд “Эхнэр хүмүүний хөтөч дэвтэр” болон “Охид хөвгүүдийн судар” аа гаргахаар төлөвлөж байсан боловч байгалийн тухай бичихээс өөр аргагүй байсан тул “Байх гал” номоо бичиж дуусгаад ийнхүү хамтад нь нээлтээ хийж байгаа аж. “Охид хөвгүүдийн судар” номоо арай хэвлүүлж амжсангүй, ирэх сараас хэвлэлтээс гарч, уншигчдын гарт хүргэнэ гэдгээ ч номын нээлтэд оролцогчдод амласан юм.

Бэрдээ бэлэглэх ном

Боловсролын суурь нь өв тэгш хүмүүжил. Хүүхдийн хүмүүжил, боловсролд ээжүүдийн оролцоо маш чухал. Тиймээс ч эмэгтэй хүн өөрийгөө ээж болоход бэлдэх ёстой юм байна шүү гэдгийг сурвалжлагч миний бие номын нээлтээс ухаарсан юм.

Зохиолч Ц.Наранханд “Бид уламжлалаа мэдэхгүйгээр урагшлах боломжгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгэхээр Монгол хүний сэтгэлгээ онцлог, энэ улс үндэстний дархлаа юундаа байх ёстой юм бэ? Бид энэхүү мэдлэгээ мэддэг байж цаашдаа уламжлуулах нь маш чухал. Монгол үндэстэн цаашид орших уу, эс орших уу? Хэрвээ орших юм бол яаж орших вэ гэдгийг бид яалтачгүй өнгөрснөө тэмтэрч мэдэж авна.

Бидний эцэг өвгөд үнэхээр гайхалтай ард түмэн юм байна. Байгалийн жам ёс, хүний амьдралын жам ёс, од гариг, эрхсийн жам ёсыг хүртэл тайлж таньж чадсан ард түмэн юм.

Эх үрийн судар 10,000 гаруй хэвлэгдэж, олон айл өрхөд, олон ээжүүдэд тус нэмэр болсон. Өвгөдийн ухааны үр хангалттай гарч ирж байгаа гэж ойлгож байгаа. Үрийг хүмүүжүүлэх судар бол хүний төлөвшилтийн суурь тавигддаг насанд нь суут монгол хүнийг яаж хүмүүжүүлэх юм бэ? гэдэг талаас нь бичиж байсан.

“Эхнэр хүний хөтөч дэвтэр” маань эхнэр хүн гэж хэн байх ёстой, эхнэр боловсрол гэж юу юм, эмэгтэй хүний мөн чанар нь яавал зөв байдаг, яавал жам ёсны дагуу байдаг, яавал эр хүний сэтгэлийг хөглөн байж ахуй амьдралдаа нэг багана болсон шиг болж, амьдралыг түшиж тулдаг юм бэ гэдгийг бичсэн байгаа. Энэ судар нэлээн амьдралд ойрхон болсон болов уу гэж найдаж байна. Улс оронд хүн чухал. Хүнийг хүмүүжүүлэхэд ээжүүд бидний оролцоо маш чухал. Өнөөдөр бид ирээдүйн аавуудыг, ирээдүйн эр нөхрүүдийг хүмүүжүүлж байна.

Ээжүүд бидний гарт улс үндэстний ирээдүй байна. Сайн сайхан, амар амгалан нийгмийг бүтээхэд ээжүүд бидний ухаан, мэдвэл зохиох мэдлэг маш чухал гэдгийг энэ судрыг бичиж байхдаа ойлгож, суралцаж, мэдэж авлаа.

Олон эмэгтэйчүүд уншаасай гэж бодон яарч, догдолж бичиж дуусгаад өнөөдөр уншигчдынхаа сонорт хүргэж байгаадаа баяртай байна” хэмээв.

Байгалиа таньж мэдээд зохицож амьдрах ухаан

Орчны бохирдлын Үндэсний хорооны гишүүн, Байгалийн ухааны доктор Б.Эрдэнээ “ Сүүлийн хоёр сарын турш, хүн байхын ур ухаан, хүн байгалийн шүтэн барилдлагатай амьдрахуйн учир начрыг сэтгэлдээ зүрхэндээ, тархиндаа тэмтрэн мэдэрч, өөрийнхөө бэлэг оюуны чанадын чанадыг нээж, олон сайхан номыг олон нийтийн хүртээл болгосон Ц.Наранханд “Байх гал” номын нээлтийг хамтатган хийж байгаад баяр хүргэе.

 

“Байх гал” ном Монголчуудын байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ур ухаан, Монгол хүний эх оронч сэтгэлийг бадраах, сэрээх, Монгол хүн бүрийн санаж сэрж, орчин үеийн шинжлэх ухааны технологийн ололт амжилттай яаж амьдрал ахуй, цаашид ирээдүй хойч үе маань тогтвортой хөгжлийг чиг баримжаагаа болгон авч явах вэ гэдэг сургаалийг хүн болгонд хүргэж байгаа том бүтээл юм.

Энэ ном залуу гэр бүлд, Монгол айл болгонд байх ёстой бүтээл болж төрсөн юм шүү. Энэ номонд багтсан санаа бүхэн цаанаа хэдэн 100 дахин утга санааг агуулж байгаа. Яагаад гэхээр байгаль орчин, хүний амьдрах орчин гэдэг бол Монгол хүний оршихуй, эс оршихуй. Бидний ирээдүй хойч маань эрүүл саруул, өвчин зовлонгүй энх амгалан байх уу, үгүй юу гэдэгтэй шууд холбогддог болсон.

Дэлхийгээс ангид Монголын экосистем гэж байхгүй, дэлхийгээс ангид Монгол Улс гэж байхгүй. Монголоос ангид дэлхий гэж байхгүй, Монголын байгалиас ангид дэлхий ертөнцийн байгаль гэж байхгүй. Дэлхий ертөнц нэг цул эко систем” хэмээн номын нээлтийн үеэр онцлон хэллээ.


Сурвалжилсан Н.Цэндбат

 

x