Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунг компани уучлал гуйсны дараа экс ажилтан нь нэг жил үргэлжилсэн өвөрмөц тэмцлээ зогсоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Самсунг группээс олон жилийн өмнө халагдсан ажилтан сүүлийн нэг жилийн турш Сөүл хотын замын хөдөлгөөний хяналтын 25 метр өндөр цамхаг дээр эсэргүүцлийн суулт хийж байгаа.

Тэгвэл Самсунгийн зүгээс уучлалт гуйсны дараа энэ хүн Баасан гарагт тэмцлээ зогсоож, цамхаг дээрээс буусан байна.

Тэмцэгч Ким Ён Хэ 25 жилийн өмнө Samsung Techwin компанид ажиллаж байхдаа үйлдвэрчний эвлэл байгуулах гэсэн оролдлогынхоо төлөө халагдаж байжээ.

Тэрбээр 24 жил ажилдаа буцаж орохоор тэмцсэн ч үр дүнд хүрээгүй тул 2019 оны зургаадугаар сард Самсунг группын төв байрны ойролцоох замын хөдөлгөөний хяналтын камерт зориулсан цамхаг дээр авирч гараад тэмцлээ эхэлсэн юм.

 

Сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн хэлэлцээрийн дараа талууд тохиролцоонд хүрч, Самсунг групп экс ажилтнаасаа албан ёсоор уучлал гуйж, нэр төрийг нь сэргээхээр болжээ.

Саяхан Самсунг группын өв залгамжлагч, дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён өнгөрсөн хугацаанд тус группын удирдлагын зүгээс гаргасан ёс зүйгүй үйлдлүүдийн төлөө олон нийтээс уучлал гуйсан билээ. Үүнд удирдлагыг залгамжлах асуудал, Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгчтэй холбоотой авлигын дуулиан зэргээс гадна олон жил үйлдвэрчний эвлэл байгуулахыг эсэргүүцэж ирсэн хатуу бодлого зэрэг багтсан юм.

Тэрбээр Самсунг групп ажилчдын эрх ашгийг хүндэтгэж, ирээдүйд үйлдвэрчний эвлэл байгуулахыг зөвшөөрөхөө энэ үеэр амлаж байв.

 

Эх сурвалж: Yonhap News, DPA