Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Тэмцэгчид Цагаан ордны хашааг давбал “зэрлэг ноход”-той тулгарахыг Дональд Трамп анхааруулав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Гар хоосон африк гаралтай эрэгтэйн амийг цагдаа нар зэрлэгээр хөнөөснийг эсэргүүцсэн хөдөлгөөн АНУ даяар өрнөж байна.

Даваа гарагт болсон энэхүү эмгэнэлт үйл явдлын дараа Лхагва гарагт Миннесота мужийн Миннеаполис хотод тэмцэл эхэлсэн бол Америкийн бусад хотуудад тэлж, Баасан гарагт нийслэл Вашингтонд хүрсэн байна.

Олон зуун хүн Цагаан ордны гадна цугларч, цагдаа нарын хууль бус аллага, арьс өнгөний үзлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнө жагсагчид Цагаан ордны хашаанд ойртож, хамгаалалтынхантай тулгарсан байна.

Энэ үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ордныг хамгаалж байгаа тусгай албаныхныг магтаж “Би дотроос тэдний алхам бүрийг ажиглаж байна. Ямар ч айх аюул алга” гэж мэдэгдэж байв.

“Олон хүн цугларсан ч жагсаал зохион байгуулалт сайтай болж, хашаанд хэн ч ойртохгүй байна. Хэрвээ тэд хашааг давбал хамгийн зэрлэг ноход, хамгийн аймшигт зэвсэгтэй нүүр тулах болно. Тусгай албаны олон офицер тушаал хүлээж байгаа” гэж Трамп мэдэгдсэн юм.

Тэмцлийн голомт болоод байгаа Миннеаполис хотод дэг журам тогтоохоор Миннесота мужийн захирагч Тим Уолц тус муж дахь Үндэсний Гвардын цэргүүдийг дайчлаад байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа Миннесотагийн үндэсний гвардын анги нэгтгэл бүрэн бүрэлдэхүүнээрээ дайчлагдсан нь энэ ажээ.

Бямба гарагт Пентагоны удирдлага шаардлагатай бол Миннесотад зэвсэгт хүчний тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Зэвсэгт хүчний хэд хэдэн анги нэгтгэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, тушаал хүлээж байгааг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жонатан Рат Хофман мэдэгджээ.

Пентагоны тэргүүн Марк Эспер мужийн захирагчтай утсаар холбогдож энэ тухай мэдэгдсэн гэнэ. Харин Тим Уолц одоохондоо тусламж шаардлагагүй гэсэн хариу өгсөн байна.

1807 онд батлагдсан Үймээн Самууны Эсрэг Хуулийн дагуу нийгмийн дэг журам сахиулах үйл ажиллагаанд АНУ-ын зэвсэгт хүчин оролцох боломжтой ажээ. Хамгийн сүүлд 1992 онд Лос Анжелес хотод Родни Кингийн шүүх хурлын үеэр гарсан үймээн самууныг дарахад Пентагон оролцож байсан гэнэ.

Миннеаполис хотоос гадна Баасан гарагаас эхлэн Нью Йорк, Атланта, Лос Анжелес, Вашингтон зэрэг Америкийн томоохон хотуудад цагдаагийн харгислалыг эсэргүүцсэн жагсаал тэмцэл өрнөж, хууль сахиулагчидтай  мөргөлдсөн юм.

Бямба гарагт АНУ-ын ерөнхий прокурор Уилльям Барр хийсэн мэдэгдэлдээ “Радикал үзэлтнууд, хутган үймүүлэгчид нөхцөл байдлыг ашиглан өөрсдийн зорилгыг биелүүлэхийг оролдож байна” гэжээ.

Тэрбээр Жорж Флоидын алллагыг эсэргүүцсэн тэмцэл зорилгоосоо хазайж, үймээн самуун, хүчирхийлэл болон хувираад байгаа тул хүч хэрэглэхээс өөр арга байхгүйг энэ үеэр анхааруулсан байна.

 

Эх сурвалж: Associated Press, Reuters