Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын SpaceX сансарт хүн нисгэсэн анхны хувийн компани боллоо

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнийн 03:22 цагт SpaceX компанийн Falcon 9 пуужин NASA-гийн хоёр сансрын нисгэгчийг тойрог замд хүргэхээр амжилттай хөөрлөө.

Сансрын нисгэгч Роберт Бенкэн, Дуглас Харли нар тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад хүртлээ 19 цаг аялах юм.

Ингэснээр Илон Маскын 18 жилийн өмнө байгуулсан SpaceX сансарт хүн хөөргөсөн анхны хувийн компани болж байна. Өмнө нь зөвхөн аль нэг улсын засгийн газрын бүтээсэн хөлгөөр хүн сансарт хөөрдөг байв. Бас АНУ бараг 10 жилийн дараа өөрийн газар нутаг дээрээс сансарт хүн хөөргөж байгаа юм.

Эхний шатанд пуужингийн хурдасгуур эх биенээсээ салж, Атлантын далайд байрлуулсан хөвөгч тавцан дээр амжилттай буужээ.

Хоёр дахь шатанд Crew Dragon хөлөг тээвэрлэгч пуужингаасаа амжилттай салж, дэлхийн гадаргаас 450 км өндөрт байгаа Олон Улсын Сансрын Станцын зүг аяллаа эхэлсэн байна. NASA-гийн сансрын нисгэгчид тэнд 110 хүртэл хоног ажиллаад буцаж ирэх юм.

2011 оноос хойш анх удаа АНУ-ын нутаг дэвсгэрээс хүн хөөргөсөн уг аялал өнгөрсөн Лхагва гарагт төлөвлөгдсөн байсан ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Бямба гараг хүртэл хойшлогдоод байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Флорида мужийн Канавералын хошуунд байрлах Кеннедийн нэрэмжит сансрын буудал руу өөрийн онгоцоор нисэн очиж, түүхэн үйл явдлыг ажиглажээ.

Тэрбээр “Жинхэнэ авьяас чадвар, жинхэнэ суут ухаан, хэн ч үүнийг бидэн шиг хийж чадахгүй” гэж америкчуудын амжилтаар бахархсан байна.

Эх сурвалж: AFP