Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Аллага үйлдсэн цагдаад хүн амины хэрэг үүсгэж, Миннеаполис хотод хөл хорио тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Африк гаралтай эрэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсөн цагдаа Дерек Човин

Энэ долоо хоногт Миннесота мужийн Миннеаполис хотод африк гаралтай эрэгтэй цагдаагийн гарт амиа алдсан хэрэг гарсан нь АНУ даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм.

Даваа гарагт гар хоосон 46 настай Жорж Флоидыг сэжигтнээр баривчилсан цагдаа гарыг нь гавлан газарт хэвтүүлээд хүзүүн дээр нь өвдөглөж, амийг нь хөнөөсөн байна. Үйл явдлын дүрс бичлэг нийтэд тарсны дараа Лхагва гарагт Миннеаполис хотод иргэдийн тэмцэл эхэлж, сүүлдээ эмх замбараагүй байдал, галдан шатаалт, дээрэм тонуул болон үргэлжилжээ.

 
Амиа алдсан иргэн Жорж Флоид

Эмх замбараагүй байдал Миннесота мужийн Сэнт Пол хотод мөн бий болж, АНУ-ын Нью Йорк, Лос Анжелес, Чикаго, Денвер, Атланта, Мэмфис зэрэг бусад хотуудад цагдаагийн харгислалын эсрэг жагсаал цуглаан өрнөсөн байна. 

Жорж Флоидын үхлээс өмнө Жоржиа мужид Ахамуд Арбэри, Кентаки мужид Брэонна Тэйлор гэсэн африк гаралтай иргэд цагдаагийн гарт амиа алдаад байв.

Пүрэв гарагийн шөнө тэмцэгчид Миннеаполис хотын цагдаагийн газрын байрыг шатаасан бол тус хотод 170 гаруй бизнесийн байгууллага өмч хөрөнгөө дээрэмдүүлж, сүйтгүүлжээ.

Миннесота мужийн захирагч үймээн самуун дэгдсэн хотуудад үндэсний гвардын цэргийг илгээж, өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шаардлагатай бол холбооны засгийн газраас нэмж цэрэг илгээхээ мэдэгдсэн юм.

Баасан гарагаас Ням гарагийг хүртэл оройн 08:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоох арга хэмжээг Миннеаполис, Сэнт Пол хотуудад аваад байна.

 

Жорж Флоидын амийг хөнөөсөн цагдаа Дерек Човин бусад гурван цагдаагийн хамт ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа юм. Тэгвэл өчигдөр Миннесота мужийн прокурор Майк Фримэн харгислал үйлдсэн цагдаа Човинд гуравдугаар зэргийн хүн амины хэрэг тулган яллаж байгаагаа мэдэгджээ.

44 настай Дерек Човин нь Миннеаполис хотын цагдаагийн газарт 19 жил ажилласан хүн юм. Өмнө нь түүний ёс бус үйлдэлтэй холбоотой 18 гомдол иргэдийн зүгээс цагдаагийн газарт ирж байсныг хэвлэлүүд олж мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC, CNN