Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Гар хоосон африк гаралтай эрэгтэйн амийг цагдаа нар хөнөөсний дараа АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхлээд байгаа билээ.

Лхагва гарагийн өглөө тайван жагсаалаар эхэлсэн тэмцэл орой нь дээрэм тонуул, үймээн самуун болж хувирсан юм.

Баасан гарагийн өглөө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа анх удаа Миннеаполисийн нөхцөл байдлыг хөндөж бичжээ.

“Аугаа Америкийн нэг хот Миннеаполист болж байгаа үйл явдлыг би зүгээр хараад сууж чадахгүй. Энд манлайлагчийн ур чадвар дутаж байна. Хотын захирагч, хэт зүүний үзэлтэй, сул дорой Жэкоб Фрэй ажлаа хийж, хотыг хяналтдаа авах хэрэгтэй. Үгүй бол би үндэсний гвардын цэргийг илгээж арга хэмжээ авах болно. Дээрэмчин тонуулчид Жорж Флоидын дурсгалыг гутаан доромжилж байна. Ийм зүйл байх ёсгүй. Би дөнгөж сая Миннесота мужийн захирагч Тим Уолцтой ярьж, арми түүнийг бүх талаар дэмжихийг мэдэгдлээ. Бид ямар ч хүндрэлийг давж, байдлыг хяналтдаа авч чадна. Гэхдээ дээрэм тонуул эхэлбэл буудаж эхэлнэ гэдгийг санах хэрэгтэй. Баярлалаа!” гэж тэр бичсэн байна.

 

Миннесота мужийн захиргаа хотод журам сахиулахаар үндэсний гвардын 500 цэргийг илгээгээд байгаа ажээ. Хот даяар олон байгууламжид гал түймэр шатаж байгаа тул эхний ээлжинд Миннеаполисийн гал сөнөөгчдийг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг гвардын удирдлага сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

 

Даваа гарагт хэргийн газарт дуудлагаар ирсэн цагдаа нар 46 настай Жорж Флоидыг сэжигтнээр баривчлахдаа гарт нь гав зүүж, газарт хэвтүүлэн хүзүүн дээр нь өвдөглөснөөс амьсгал нь боогдож, амиа алдсан юм. Энэ явдлыг хөндлөнгөөс ажиглаж байсан хүний хийсэн видео бичлэг сошиал сүлжээнд тарснаар тэмцэл эхэлжээ.

Цагдаа нарын харгислалыг эсэргүүцсэн тэмцэл өнөөдөр гурав дахь өдртөө үргэлжилж байна. 

Эх сурвалж: Assiociated Press