Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Тусгай паспорт эзэмшигч Хонг Конгчуудад иргэний харьяалал хүсэх эрх олгох болсноо Британийн засгийн газар зарлав

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ Хятад улс Хонг Конгийн аюулгүй байдлыг хамгаалах хуулиа баталж, өөртөө засах онцгой статусыг нь өөрчилбөл BN(O) буюу British National (Overseas) ангиллын паспорттой хүмүүс иргэний харьяалал хүсэх эрхтэй болохыг Британийн засгийн газар өчигдөр зарлажээ.

Ингэснээр Британийн засгийн газрын олон жил баримталсан бодлогод өөрчлөлт гарч байгаа юм. Өчигдөр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал өөртөө засах онцгой эрхтэй Хонг Конг хотын аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг дэмжсэн юм.

Хууль эцэслэн батлагдвал ирэх наймдугаар сараас хэрэгжих төлөвтэй байгаа. BN(O) паспорт нь 1997 оноос өмнө буюу Хонг Конгийг Британиас Хятадад шилжүүлэхээс өмнө төрсөн иргэдэд олгогддог. Ийм паспорттой иргэд иргэний харьяалал хүсэх эрхгүй, ажил эрхлэх боломжгүй, харин зургаан сар хүртэл хугацаанд Британид оршин суух эрх эдэлдэг.

 Өнгөрсөн оны сүүлийн байдлаар 300,000 гаруй хонг конгчууд BN(O) паспорттой байжээ.

Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб паспорт эзэмшигчдэд одоо үйлчилдэг журмыг өөрчлөх боломжтой болсноо өчигдөр зарласан байна.

“Хэрвээ Хятад улс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулиа баталж, Хонг Конгийн статусыг өөрчилбөл бид BN(O) паспорт эзэмшигчдэд үйлчилдэг одоогийн зургаан сарын хязгаарыг цуцалж, 12 сар болгох ба цаашлаад иргэний харьяалал хүсэх эрхийг нь нээх болно” гэж Рааб мэдэгджээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Одоо бид Хятад улсад олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүнийхээ хувьд шинэ хууль батлах шийдвэрээсээ ухрахыг уриалж байна” гэсэн юм.

 

Эх сурвалж: South China Morning Post