Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс үндэсний товлолт вакциныг жилдээ хоёр удаа ханган нийлүүлэлтийг хийж, зургаан сараар нь нөөцөлсөн тул дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа билээ.Мөн жил бүрийн тав, аравдугаар сард дархлаажуулалтын үндэсний өдрүүд буюу арав хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай. 

Иймд, товлолын вакцинд хэрхэн хамрагдах талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас зарим зүйлийг тодрууллаа. 

- Товлолын дархлаажуулалтын вакцинд хүүхдүүд хэрхэн хамрагдах вэ. Энэ жилийн хангалттай бий гэж байсан?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гэрчилгээ авсан, чанарын шаардлагын хангасан вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулж, Монгол Улсын Засгийн газар авч, 0-15 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулдаг. 

Одоо 2019 оны сүүлийн хагас жилд авсан вакцинаараа хүүхдүүдийг дархлаажуулж байна. Энэ жилийн эхний ээлжийн вакцинуудаа эхнээс нь хүлээн авсан бусад авах бэлтгэл ажил хийгдэж байгаа. Үндсэндээ  жилд хоёр удаа ханган нийлүүлэлт хийгддэг. 

- Товлолын вакцин нь хэдэн төрөл байгаа вэ?

- Товлолын дархлаажуулалт гэдэг 0-15 насны хүүхдүүд товынхоо дагуу вакцин хийлгэхийг хэлдэг. Одоогийн байдлаар 12 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх найман төрлийн вакциныг хийдэг. Тухайлбал, халдварт саа, БЦЖ, Татран, Пневмококк, Улаанбурхан, улаанууд, гахайн хавдар, Гепатитын эсрэг гэх мэт найман вакциныг товлолын дагуу хийж, урьдчилан сэргийлдэг.  

Нөхөн дархлаажуулалт гэдэг нь 0-15 насны хүүхдүүд товлолынхоо дархлаажуулалтаас ямар нэгэн байдлаар хоцорсон бол нөхөж хийж өгөхийг л хэлнэ. Хүүхэд ямар нэгэн шалтгаанаар аль нэг вакцинаасаа хоцорсон байвал өрх дээрээ очиж хамрагдах боломжтой.

 

- Ямар үед товлолын дархлаажуулалтын вакциныг хийх шаардлагатай байдаг вэ?

-  Шинээр төрсөн хүүхэд болгон товлолын вакцинд товын дагуу хамрагдах ёстой. Энэ нь хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах ач холбогдолтой. Нийт хамрагдвал зохих хүүхдийн 95 хувиас дээш дархлаажуулах нь чухал бөгөөд энэ нь тарилгатай халдварт өвчнүүдийг хяналтад авах, улмаар устгахад чухал байдаг.

- Насанд хүрсэн хүмүүсийн хувьд мөн хийлгэж болох уу?

- Насанд хүрсэн хүмүүсийн хувьд вакцин хийлгэх шаардлагатай бол сайн дураар хийлгэх дархлаажуулалтад хамрагдаж болно. Ингэхдээ төлбөрөө төлөөд хийлгэж болдог. 0-15 насны хүүхдүүд товлолын дархлаажуулалтын вакцинаа хийлгэхэд үнэ төлбөргүй.

- Хаана очиж хийлгэх боломжтой вэ?

- Харьяалал харгалзахгүйгээр аль нэг өрхийн эмнэлэг, эрүүл мэндийн төвд очоод товлолын дархлаажуулалтын вакцинаа хийлгэх боломжтой.

Ерөнхийдөө тарилгатай халдварт өвчнүүд COVID-19-тэй зэрэгцээд гараад ирвэл их аюултай. Тэгэхээр вакциндаа хамрагдаж тухайн халдварт өвчний эсрэг дархлаатай болох нь маш чухал. Магадгүй COVID-19-тэй зэрэгцээд вакциндаа хамрагдахгүй байж байтал вакцинаар сэргийлэгдэх халдварт өвчин гарвал аюултай.

- Пневмококкийн эсрэг буюу уушгины хатгалгааны эсрэг вакциныг насанд хүрсэн хүн хийлгэж болох уу?

- Бид энэ вакциныг 2016 оноос хийж эхлэн. 2019 онд улс даяар нэвтрүүлсэн вакцин бөгөөд 0-1 насны хүүхдийг товлолын дагуу дархлаажуулж байна. Бага насанд нь хийх нь үр дүнтэй байдаг. Учир нь хатгалгаагаар тав хүртэл насны хүүхэд ихэвчлэн өвддөг. Насанд хүрсэн хүнд пневмококкийн эсрэг вакциныг хийхгүй байгаа.

Нэмж хэлэхэд, зөвхөн дархлаажуулалтын арав хоногоор нөхөн дархлаажуулалт хийгддэг гэж ойлгож болохгүй, товлолоос хоцорсон бол тухай бүрд нөхөн дархлаажуулалтдаа хамрагдах нь чухал. Дархлаажуулалт нь тогтмол хийгддэг үйл ажиллагаа тул эцэг эхчүүд маань хүүхдээ цаг хугацаанд нь товлолт вакцинд нь хамруулах хэрэгтэй.