Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдвар хүндрэхэд таргалалт ихээр нөлөөлж байна гэж АНУ-ын судлаачид үзжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвартай холбоотой дэлхий дахинд хийгдэж буй судалгааны дүнгээс тоймлон танилцуулав.

Тэрбээр хэлэхдээ “АНУ-ын Луйзиана муж улсын Анагаахын их сургуулийн судлаач нар таргалалт, илүүдэл жингээс болж Африк гаралтай америкчууд COVID-19-ийн хүндрэлээр нас барах эрсдэл нь бусад хүмүүсийнхээс өндөр байж болзошгүй гэж дүгнэлт гаргаж, Glances сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Тэд уг өвчнөөр нас барсан 10 хүний биед задлан шинжилгээ хийхэд уушги цусны судасны бөглөрлөөр дүүрсэн байсныг олж тогтоожээ.

Мөн нас барсан өвчтөнүүд бүгд цусны даралт ихсэх, чихрийн шижин болон хэт таргалалт зэрэг суурь өвчтэй байсан бөгөөд уушгиных нь хялгасан судаснууд бөглөрч, улмаар цус алдсан нь үхэлд хүргэсэн гэж тогтоосон байна" гэв.

Үргэлжлүүлэн "COVID-19 халдвар хүндрэхэд таргалалт ихээр нөлөөлж байна. Учир нь өөхний эд эс нь угаас биед үрэвсэл явагдах процессыг идэвхжүүлдэг. 

Харин үүн дээр нэмээд COVID-19-ийн халдвар авсан тохиолдолд үрэвсэл улам ихээр явагдаж, цус өтгөрч бөөгнөрөл үүсэхэд нөлөөлж байгаа гэж судлаачид дүгнэж байгаа юм.

Магадгүй энэ нь АНУ болон Их Британи зэрэг улсад COVID-19 халдварын улмаас хар арьснууд илүү их нас барж байгаагийн шалтгаан байж болзошгүй гэх таамаглалыг дэвшүүлжээ.

Мөн АНУ-д халдвартай өвчтөнийг эмчилж буй эмч нар, дээрх төрлийн суурь өвчтэй хүмүүст цус өтгөрч, судас бөглөрөх тохиолдол элбэг байгаа тухай мэдээлж байна.

Үүнтэй холбоотой зарим судалгааны урьдчилсан дүнг харахад, ийм тохиолдлуудад цус шингэлэх эмчилгээ давхар хийх нь үр дүнтэй байгаа гэжээ” хэмээн нэмж хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1136970326689820/?v=1136970326689820

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.